1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20.21-нд зарим газраар 12-14 м/с хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 03:28 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 03:44 цагт хүрэлцэн очиж тус дүүргийн иргэн Х-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:20 цаг ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүрэгт цахилгааны хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 10:57 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11:06 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 04:21 цагт хүрэлцэн очиж иргэн Б-ийн ’’Бенз’’ загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 01:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 01:37 цагт хүрэлцэн очиж иргэн Л-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөө шатаж байсныг 25 минут ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 03:04 цагт хүрэлцэн очиж эзэн тодорхой бус 6х6 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байсныг 01:00 цаг ажиллаж, унтраан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б-ийн Тоёото ‘’Приус-20’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17:39 цагт хүрэлцэн очиж, 9 минут ажиллаж, унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол
Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 04:02 цагт хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 51 алба хаагч, 6 автомашинтай, Нийслэлийн Налайх дүүргийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, 2 автомашинтай, Мэргэжлийн хяналтын 5 алба хаагч,1 автомашинтай, ЗДТГазрын 1 алба хаагч, 1 автомашинтай нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар 11.16-ны өдрийн 04:02 цагаас ослын голомтод ажиллаж, 35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр, зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс 16:19 цагт эхний осолдогч болох тус дүүргийн иргэн О /47 настай, эрэгтэй/, 18:14 цагт хоёрдахь осолдогч болох иргэн Э /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг нийт 14 цаг ажиллаж нурлаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 44 алба хаагч явганаар сумын төвийн Сүлд болон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоон 11.17-ны өдөр дахин үргэлжлүүлэхээр болсон.
Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн өрөөнд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 20:31 цагт хүлээн авч, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20:42 цагт хүрэлцэн очиж “Прохит” ХХК-ийн цахилгаанчин тус дүүргийн иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР