1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан,Орхон аймгийн нутгаар бага зэргийн цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр, баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод:Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга. Салхи баруун хойноос 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар 7-12 м/с, 24-нд ихэнх, 25-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
2. Объектын түймэр
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн У-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ны өдрийн 00:55 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:11 цагт хүрэлцэн очиж 35 минут ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Д-ийн 640 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 12:16 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:25 цагт очиж, 03:10 цаг ажиллаж, унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 14 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 11.20-ны өдрийн 08:00 цагаас 15:00 цаг хүртэл сумын 1 дүгээр багт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 11.21-ний өдөр дахин үргэлжлүүлэхээр болсон.
Бусад: Орхон аймгийн Баян-Өндөр суманд траншейны нүхэнд хүн унаж нас барсан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 09:44 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 09:49 цагт очиж, 29 минут ажиллаж, оршин суух тодорхой хаяггүй иргэн М/54 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн
4. Мал, амьтны гоц халдварт өвчин
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д-ийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 11.20-ны өдрийн байдлаар өвчилсөн 120 үхрийг устгаж, 7156 үхэр, 1041 гахай, 1 ямаа, нийт 8198 мал, амьтныг вакцинжуулж, 1280 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-амар, Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын удирдсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, Сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг 11.20-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулсан.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг зориудаар устгаад байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг явуулж эхлээд байна.
Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан.
Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болголоо.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР