Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                                                                 1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон  Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 26-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

                                                               2. Байгаль, цаг уурын аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Увс аймгийн Завхан суманд 11.23-ны өдрийн 15:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 11.23-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Завхан сумын ЗДТГ-ын дарга Т.Тамираас тодруулахад тухайн газарт малчин 8 айл өвөлжиж байгаа, газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна гэсэн хариуг өгсөн.

                                                                        3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт  хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар тус сумын 2 дугаар багт эрлийн ажиллагааг 09:00 цагаас 20:00 цагийн хооронд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.24-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон.

                                                             4. Мал, амьтны гоц халдварт өвчин  

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д-ийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 11.23-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 53 өрхийн 443 үхрийг устгаж, 414 үхэр тусгаарлаж, 845 ямаа, 178 хонь, 18260 үхэр, 2285 гахай, нийт 21568 мал, амьтныг вакцинжуулж, 14650 м2 талбайд аритгал, халдваргүйтгэл хийсэн.

 

 

                                           

                                                             ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 
scroll to top