Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал хээрийн нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м. өдөртөө 17-19 градус хүйтэн.

Төлөв байдал: 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,30-нд тал хээрийн нутгаар, 1, 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нурангинаас /эрэн хайх аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 53 дугаар хонхорын уурхайн эдэлбэр газар тус дүүргийн харьяат иргэн Б-гийн уурхайд 3 уурхайчин уурхайн гүнд угаарын хийд цохиулан ухаан алдсан тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 11:00 цагт очиж, 35 градусын налуу малталттай, тунелийн урт амнаас 90 метр, өргөн нь 1.5 метр, өндөр 1.40 метрийн далд уурхайд хуучин галтай байсан малталтаас шинээр ажиллаж байсан малталт руу нүүрсний хагарсан ан цаваар угаарын хий шүүрч түүнд ажиллаж байсан тус дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн А /50 настай, эрэгтэй/ нарыг угаарын хийд хордож ухаан алдсан байсныг аварч, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн. Иргэдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан гэж 16:00 цагт мэдэгдсэн.

Бусад: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хайлааст багийн “Гүн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 27 км-т/ Баруун-Урт сумын харьяат иргэн А Дорнод аймгаас Баруун-Урт сумын чиглэлд 01-52 СҮА улсын дугаартай ’’Стана’’ загварын суудлын автомашинтай, 15 зорчигчтой зорчиж яваад цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАСалбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 04:20 цагт очиж, 01:00 цаг ажиллаж цаснаас гарган аймгийн төвд авчирсан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ’’Дивизийн гарам’’ гэдэг газар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат иргэн Б 03-34 УНК улсын дугаартай ’’Пронтер’’ загварын ачааны автомашинтай өвс тээвэрлэж, Хэрлэн гол дээгүүр зорчиж яваад цөмөрсөн тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:00 цагт очиж,  02:00 цаг ажиллаж автомашиныг гаргаж,  иргэн Б хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт өвчин  

Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Түмэнгийн гозгор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ тус багийн малчин Д-гийн 11 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.13-ны өдрийн 17-2368 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Бандийнхүү” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ тус багийн малчин Б-гийн 1 үхэр 11.07-ны  өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.16-ны өдрийн 361-362 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top