Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргйин цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2, 3-нд нутгийн зарим газраар, 4-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж,  явган шуурга шуурна. Салхи 1, 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 7 дугаар багт “ЖБЧЭ” ХХК-ийн барьцааалан зээлдүүлэх газарт сандал, ширээ шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 19:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19:45 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд “Донн” ХХК-ийн 9х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:03 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 04:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 05:29 цагт очиж, 01:30 цаг, орон нутгийн 50 хүн, 12 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18:19 цагт очиж, 06 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 10:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10:40 цагт очиж, 00:16 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт иргэн У-гийн 19-27 УНХ улсын дугаартай “Старикс” загварын хагас ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 09:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 09:50 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:30-ны өдрийн 01:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 01:45 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд иргэн Б-гийн 04-25 УНӨ улсын дугаартай “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 09:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 09:12 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 18:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:29 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн “Барилгачин” хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 20:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 20:11 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11.26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч Хэнтий аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалагч Б.Батбаяраар ахлуулсан 12 хүн, 2 автомашин, хамт самар түүж байсан 11 хүн, 1 автомашин, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй явах гэж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумын  төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат иргэн Х /15 настай, эрэгтэй/ 11.27-ны өдөр иргэн С-ийнхээс гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12:30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн тасгийн 1 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, 1 автомашин, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.29-ний өдрийн 14:58 цагт тус сумын Шанх багийн “Баруун шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ малчин Э-гийхээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

4.Мал, амьтны гоц халдварт өвчин  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 11.29-ний өдрийн байдлаар голомтын бүсэд 63 айл өрхийн 360 үхрийг тусгаарлаж, 116 айл өрхийн 1012 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 229 айл өрхийн 2555 үхэр, 4 ямаа, 492 гахай, нийт 3051 мал, амьтанд тарилга хийж, 67685 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа бөгөөд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.01-ний өдрийг дуустал түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top