1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6-нд Алтайн салбар уулсаар 7-12 м/с, 7-нд ихэнх нутгаар, 8-нд тал хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 5, 6-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Объектын гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 09:56 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:00 цагт очиж, 00:25 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүрэгт “АЛВО” ХХК-ийн барилгын дулаан дамжуулах өрөөнд, дулааны шугамын дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 18:37 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:51 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 07:40 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 07:53 цагт очиж 01:30 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Э-ийн “Эстима” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 20:42 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20:53 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн У-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 21:31 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:45 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Т-ийн байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11:14 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Д-ийн “Авенти” загварын суудлын автомашин машин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 03:19 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 03:21 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 05:18 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:30 цагт очиж, 00:25 цаг ажиллаж унтраасан.
3. Зам тээврийн осол
Автозамын осол: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн А0103 дугаартай замын зорчих хэсэгт иргэн Б-ын эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй 18:20 цагт очиж, 00:10 цаг ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэн Б /46 настай, эрэгтэй/, О/ 41 настай, эмэгтэй/ нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад, нас барсан А /47 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч, тус сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-ийн “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон. 12.03-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, Сайхан сум дахь цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, нийт 87 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр машин нь олдсон газраас 15 км-ийн радиуст явганаар самналт хийж, 7 км-ийн радиуст металл хайгчаар хунгарласан цаснаас хайж, мөн бичил нисэх төхөөрөмжөөр агаараас зураглал хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:15 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 12.04-ний өдрийн 08:20 цагт эхлүүлээд байна.
Бусад: Нийслэлийн Багануур дүүргийн “Хэрлэн” голын мөс цөмөрч иргэн Б-ын “Субару Форостер” загварын суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 09:30 цагт очиж 00:30 цаг ажиллаж, тухайн автомашиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.12.01-ний өдрийн байдлаар голомтын бүсэд 72 айл өрхийн 425 үхрийг тусгаарлаж, 122 айл өрхийн 1155 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 1035 айл өрхийн 16597 үхэр, 1184 ямаа, 649 хонь, 40 тэмээ, 2163 гахай, нийт 20633 мал, амьтныг тарьж, 73875 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтод нийт 159 хүн, 38 автомашинтай ажиллаж байна. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа бөгөөд, 12.04-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагааг нээж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.09-ний өдрийг дуустал дахин сунгаж, түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР