Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Увс аймгийн зарим сумдын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Улз голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Орхон, Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч чангарна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хадат” зуслангийн задгайд 2 зуны байшин, дотор нь хураалттай байсан гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:37 цагт очиж, 01:00 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:34 цагт очиж, 20 минут  ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хан багийн “Их-Аргал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант багийн харьяат иргэн Д /21 настай, эрэгтэй/ 12.10-ны өдөр мотоциклтой адуу тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 12.12-ны өдрийн 21:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 12.13-ны өдрийн 11:30 цагт иргэн Д Рашаант сумын төвд эсэн мэнд өөрөө ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top