Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна

25352127_1542337825803689_4834905593869618375_o.jpg

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулж буй Азийн түншлэлийн хуралдаан Тайландын Вант Улсын Бангкок хотноо хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Тус хуралдаанд Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар оролцож байгаа юм.

Тус хуралдааныг Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа даргалж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн мэндчилгээг уламжлаад, “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлаар дамжуулан бүсийн түвшинд түнш байгууллагууд хоорондын зөвлөлдөх платформыг бүрдүүлэн, гамшгаас урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр Азийн бүс нутагт гарч буй тэргүүлэх туршлага солилцон сурталчлах эрхэм зорилготой юм. Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлыг ‘Гамшгаас урьдчилан сэргийлэх замаар Тогтвортой хөгжлийн ололтыг хамгаалах нь’ сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд бүс нутаг, дэлхий дахинд гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох нь бүх нийтийг хамруулсан, тогтвортой хөгжлийг бий болгох үндэс суурь” гэдгийг онцолжээ.

Хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад гарсан ололт амжилт, цаашдын төлөв”-ийн талаар танилцуулав.

Азийн түншлэлийн энэ удаагийн хуралдаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга нар, 19 улсын засгийн газрын төлөөлөгч, НҮБ-ын төрөлжсөн 15 байгууллага, Засгийн газар хоорондын болон бүсийн хамтын ажиллагааны 15 байгууллага, хувийн хэвшлийн нийт 110  гаруй төлөөлөгч оролцож байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж бүй үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл солилцох, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэх, Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сард зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын төлөвлөлт, гүйцэтгэлтэй танилцах, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийн хэрэгжилтийн мониторингийн талаарх ойлголтыг дээшлүүлэхэд зорилгоор энэ удаагийн Азийн түншлэлийн хурал зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top