Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос  6-11 м/с. Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд нутгийн зүүн хагаст, 19, 20-нд говь, талын нутгаар 12 м/с хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө  6-11 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Агуйт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:48 цагт очиж 31 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /55 настай, эмэгтэй/ угаартаж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Огзомын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, Нийслэлийн Багануур дүүргээс зүүн урд зүгт 70 км/ “Монгол зоог” цайны газрын 8х10 хэмжээтэй, 10х11 хэмжээтэй 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 16:47 цагт очиж 03:40 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 16:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай16:53 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Н /6 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 06:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 06:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 09:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:45 цагт очиж 01:00 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин, граж, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 10:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 10:40 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 21:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:57 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд иргэн З-гийн 29-72 УНС улсын дугаартай “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 09:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 09:43 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:02 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян голын гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын автозамын зорчих хэсэгт Улаанбаатар хотоос-Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан 29-33 ДАХ улсын дугаартай “Кроун” загварын суудлын автомашин, 24-62 УБЗ улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн нас барж, 1 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 14:57 цагт очиж 02:30 цаг ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн Б /32 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж Баянгол сум дахь Эрүүл мэндийн төвд, нас барсан иргэн Б /81 настай, эрэгтэй/, Г /54 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд “Цагаан Шонхор” ХХК-ны эдэлбэр газарт иргэн М-ийн бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас 70 метрийн гүнд 3 иргэн цахилгаангүй, агааргүй болсон тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 13:03 цагт очиж 50 минут ажиллаж уурхайн 70 метрийн гүнд агааргүй болж унасан Налайх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б /46 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн С /23 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж тус дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top