Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд аймгийн зарим нутгаар бага зэрэг цас орж, явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  23-нд зарим газраар, 24-нд Хангай, Хэнтэйн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд иргэн Д-гийн 30-93 УБЛ улсын дугаартай “Ист” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн 16-58 УНВ улсын дугаартай “Кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 05:23 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:33 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 19:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19:48 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар сургуулийн урд автозамын зорчих хэсэгт иргэн Б-гийн 54-73 УНЦ улсын дугаартай “Соната-4” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 20:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20:43 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Төмөрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ тус багийн харьяат иргэн Г /35 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 12.21-ний өдрийн 11:00 цагт 5 настай хүүхдийн хамт гэртээ үлдээд, дүү Б.Гансүхийг малдаа яваад 17:00 цагт ирэх үед гэртээ байгаагүй, сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 20:56 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 15 хүн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.22-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Ухаа-Овоо” гэдэг газраас /гэрээс нь зүүн зүгт 2 км-т/ намаржааных нь амбаараас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 23:06 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 12 алба хаагч, 3 автомашинтай 23:09 цагт очиж, 19 минут ажиллаж, иргэн Ж /27 настай, эрэгтэй/ тус гүүрний хашлага дээр сууж байсныг ярилцлага хийж саатуулж, аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Бусад: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн “Дөрөлж”  гэдэг газар  /аймгийн төвөөс урд зүгт 34 км-т/ иргэн Ц-гийн 10-85 УБД улсын дугаартай “Аксент” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 22:05 цагт очиж, 01:40 цаг ажиллаж, автомашиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 19 дүгээр цэцэрлэгийн хажуу талд дулааны шугамын худагт хүн нас барсан байна, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 16:45 цагт очиж, 20 минут ажиллаж, тус аймгийн харьяат, цагдаагийн газарт бүртгэлтэй тэнэмэл гэх иргэн О /48 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top