Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27,28-нд зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 26-нд нутгийн зүүн хагаст, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Төмөртэй  багийн эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 04:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 04:38 цагт хүрэлцэн очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж багт эзэн нь тодорхойгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 12:54 цагт хүрэлцэн очиж, 19 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн урд автозамын зорчих хэсэгт 2 машин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 10:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11:18 цагт хүрэлцэн очиж, 02 цаг 10 минут ажиллаж, 41-16 УБЦ улсын дугаартай “Тоёото Приус-20” загварын автомашин, 50-14 УБР “Тоёото Приус-20” загварын автомашинтай мөргөлдөж иргэн З /42 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр  хороо, Зунжин захын баруун талын автозамын зорчих хэсэгт автомашин  онхолдож төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 12:55 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж, 64-41 УНГ улсын дугаартай “Тоёото Алион” загварын машины жолооч Б /58 настай, эрэгтэй/-т анхны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22 цагийн үед /согтуу/ гараад явсан сураггүй байна гэсэн мэдээллийг 12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 2 алба хаагч, ар гэрийнх нь 4 хүн, 1 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Эмээлт-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 10-02 СҮЭ улсын дугаартай “Портор” загварын 1 зорчигчтой  автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.24.-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах,аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, 20:20 цагт хүрэлцэн очиж, 07:30 цаг ажиллаж  автомашиныг татан гаргаж, иргэн С /63 настай, эрэгтэй/-ыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Тохойн гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ 25-46 УБГ улсын дугаартай “Истана” загварын автомашин 2 зорчигчтой, автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.24.-ний өдрийн 21:20 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах,аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, 23:20 цагт хүрэлцэн очиж, 06 цаг 45 минут ажиллаж  автомашинийг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top