Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий Хүрэн бэлчир орчмоор 30-35 градус, Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7,8-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:01 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 02:05 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 02:19 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны  “Гоодойн-Ам”-ны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Сум, галт хэрэгсэл илэрсэн тухай: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн “Даахийн цалгар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/  их бууны сум олдсон тухай дуудлагыг 01.04-ний өдрийн 16:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тэсрүүлэгчгүй танкны сум байсныг газар дээр нь устгаж булсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд 89-83 УБК улсын дугаартай “Истана” загварын автомашин, 44-63 УНМ улсын дугаартай “Портер” загварын автомашины араас мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудагыг 01.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 01:28 цагт очиж 5 минут ажиллаж иргэн Б /38 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргаж тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны “Хойд нуруу” гэдэг газар /тосгоны төвөөс баруун зүгт 60 км-т/ иргэн Г /60 настай, эрэгтэй/ 2018 оны 01.01-ний өдөр малаа услах гэж тэмээтэй яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.04-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 16:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Айргийн-Эмнэлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 23 км/ иргэн Г /29 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/, иргэн Л /27 настай, эрэгтэй/ нар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудагыг 01.04-ний өдрийн 20:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай, 22:44 цагт очиж тус сумын Эрчим багийн Цагаан голын гарам гэдэг газраас унаж явсан мотоциклыг нь олсон, мөн багийн “Баянхошуу” гэдэг газраас 00:06 цагт эсэн мэнд олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

                                                    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top