“Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” эхэллээ

DSC2611.jpg

Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр эхэллээ.

Стратегийн цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны  92 удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх, хатагтай Л.Саянаа хүрэлцэн ирж, Шадар сайдын илгээлтийг удирдах бүрэлдэхүүнд хүргэлээ.

Тус илгээлтэд, Онцгой байдлын байгууллага нь өнгөрсөн онд олон сорилтыг амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлэн, амжилт бүтээлтэй ажиллаж, ард түмэн, төр түмэндээ үнэлэгдэж “Оны шилдэг хүмүүнлэнгийн байгууллага”-аар тодорсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн ирэх ондоо эрхзүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд анхаарч, Онцгой байдлын албанд мөрдөгдөж байгаа зарим эрхзүйн баримт бичгийг шинэчлэн болон шинээр боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод чуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, сургалтын чанар болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад санал санаачлагатай ажиллах хэрэгтэйг онцлоод энэхүү хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан байна.

Цугларалтын үеэр удирдах бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлог, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын хамтын ажиллагаа, удирдахуйн ухааны онол арга зүйн талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг танилцуулах юм. Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна.

Тиймээс цугларалтад Онцгой байдлын байгууллагын удирдлагаас гадна ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон Авлигатай тэмцэх газар, ХХААЯ, БОЯ-наас холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж, мэдээлэл хийн, лекц унших юм.

Энэ удаагийн “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” нь Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан нэг жилийн ажлын дүгнэж, цэгнэж байгаагаараа онцлогтой.

Онцгой байдлын байгууллага 2018 онд

  • Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
scroll to top