Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар бага зэргийн цас орсон.

Өнөөдөр: Төвийн аймгуудийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд зарим газраар 12-14 м/с, 18-19-нд төв болон  зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 06:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06:51 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20:07 цагт очиж, 41 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 20:12 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:24 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт иргэн Б-гийн 99-81 ӨМӨ улсын дугаартай “Пронтер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 21:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 21:56 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ тус сумын харьяат иргэн О /23 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 01.10-ны өдөр Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч 01.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 34 иргэн, 4 автомашин, нийт 44 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр Өлгий сумын төвөөс “Их хөндий” гэдэг газар хүртэл 800 метрийн өргөнтэйгээр 18 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:20 цагт түр зогсоосон. 01.15-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ.

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ 01.14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашин, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн “Хөндийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 17 км-т/ тус сумын цагдаагийн хэсгийн 13-75 УВА улсын дугаартай “УАЗ-469” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 22:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 23:20 цагт очиж, 45 минут ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ тус аймгийн Цогт сумаас Есөнбулаг сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн 98-18 ГАҮ улсын дугаартай “УАЗ-469” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай  дуудлагыг 01.14-ний  өдрийн 23.40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 00:30 цагт очиж, 40 минут ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн “Дундын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн 33-59 ЗАА улсын дугаартай “Кроло” загварын 4 зорчигчтой, иргэн Б-гийн эзэмшлийн 36-96 ЗАН улсын дугаартай “Санни” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.15-ны  өдрийн 02.45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59  дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 03:25 цагт очиж, 35 минут ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top