1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 15-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 18, 20, 21-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс чангарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Баянзам хэсэгт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17:58 цагт очиж 33 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт суурийн давхарт хураалттай байсан мод, хөөсөнцөр, шилэн хөвөн шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 02:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 02:57 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ 01.14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 64 хүн, 7 автомашинтай 01.14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж байна. 01.16-ны өдрийн байдлаар 32 цооног гаргаж, 3 усчин 6 удаагийн шумбалт хийхэд үр дүнд хүрээгүй тул 01.17-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон.
Бусад: Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн “Хонгорын нүд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км”т/ Дундговь аймгаас–Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой “Ланд крузер-100” загварын 46-64 УБЧ улсын дугаартай автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.16-ны өдрийн 23:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 01:40 цагт очиж 20 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР