Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 17:16 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 04 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 21:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 21:21 цагт хүрэлцэн очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 23:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 00:04 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ний өдрийн 03:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:58 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ 01.14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, цагдаагийн 8 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 64 хүн, 7 автомашинтай 01.14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 01.17-ны өдрийн байдлаар 25 цооног гаргаж, 3 усчин аврагч 25 удаа, нийт 01 цаг 15 минутын шумбалт хийсэн, мөн 50 метр урт, 2 метр өргөн мөс цөмлөж, 200 уут шороогоор хаалт хийж усны урсгалыг өөрчилсөн.

Бусад: Завхан аймгийн Сонгино сумын Нуур багийн “Талын улаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт  35 км-т/ 00-98 УВА улсын дугаартай, 6 зорчигчтой, “Ланд 105” загварын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.17-ны өдрийн  01:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 17:00 цагт хүрэлцэн очиж, 02 цаг ажиллаж, цасанд боогдсон 6 автомашиныг татан гаргаж, 14 хүний аюулгүй байдлыг ханган ажилласан.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карерт /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т/ хувиараа алт олборлож байсан иргэн Ж /29 настай, эрэгтэй/ 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдлаа гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 15:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03 цаг 30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Өвөр намшир”  гэдэг газар  Ганцын  даваанд /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ иргэн З-гийн 72-10 ОРХ улсын дугаартай, 4 зорчигчтой, “Исузу” загварын ачааны автомашин замын хажуу руу орж, цасанд суусан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 04:30 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top