Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна.
Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, тус аймгийн Дэрэн сумын шүлхий өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумын шуурхай командыг зарлан мэдээллийн дохиогоор цуглуулж, хяналтын постод хүч нэмэгдүүлж, хамгаалалтын зогоон татах, эрүүл бүсээс мал сүргийг өвчний голомт руу оруулахгүй байх үүрэг өгөв.
Мөн дайлчилгаагаар дөрвөн гэр гаргуулж, тандалт судалгаа хийх, отор нүүдэл, эзэнгүй мал сүргийн судалгааг гаргах, холбогдох аймгуудтай мэдээлэл солилцох, цасан шуурганы үед голомт руу мал оруулахгүй байх, малчдад мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг өгч, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын дэд дарга, хурандаа А.Дашням нар Дэрэн суманд ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.
Түүнчлэн хил залгаа Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, мал эмнэлэг үржилийн тасгийн дарга нартай Төв аймгийн Өндөр дов гэдэг газар уулзаж шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, Дэрэн суманд байгаа өөрийн сумын малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулах, сургуульд суралцах хүүхдүүдийн судалгаа гаргах, төрийн албан хаагч, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэхийг үүрэг болгов.
Ажлын хэсгийнхэн өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, шүлхий өвчний голомт Даланжаргалан, Эрдэнэ сумын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах чиглэлээр үүрэг өглөө.
Үүнд:
- Байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, бодит мэдээллээр хангах,
- Эрүүл болон голомтын бүсэд тандалт судалгаа хийх,
- Голомтоор дамжин өнгөрөх гал тэрэгний зорчигчдын сууж, буух хөдөлгөөнд хяналт тавьж, халдваргүйтгэлийг чанартай хийх,
- Мэргэжлийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож нэгдсэн ойлголттой байх,
- Голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид, иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийн судалгааг гаргах,
- Халдвар хамгаалалын дэглэм зөрчигдөж, өвчин тархах эрсдэлтэй байгаа тул дэглэмийг сахих, холбогдох мэргэжлийн байгууллагын дарга нарыг газар дээр нь ажиллуулах,
- Шүлхий өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг 21 хоногоор төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажиллах,
- 2 удаагийн вакцинд хамрагдсан мал ямар шалтгааны улмаас өвчлөөд байгаа шалтгааныг тогтоох, хариуцлагагүй албан тушаалтанд хариуцлага тооцох, дүйцүүлэх цэргийн албан хаагчийг шүлхий өвчинтэй тэмцэх ажилд дайчлах,
- Төрийн сангийн дарга шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах, малчдад мэдэгдэл хүргүүлэх, хариуцлагатай байхыг ойлгуулах, сургуульд суралцах хүүхдүүдийн судалгаа гаргах, төрийн албан хаагч, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх үүрэг чиглэл өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.