Өвөлжилтийн нөхцөл байдлыг Баян-Өлгий аймгаас шууд дамжууллаа

01-29-2-1.jpg

Монгол Улсын Засгийн газар  100 хоногийн ажлаа тайлагнаж байгаа энэ үед Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдал, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах,  орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх, зорилгоор баруун аймгуудад ажиллаж байна.

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр танхимын гишүүдийнхээ хамт танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр орон нутагт ажиллаж буй Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймгаас цахимаар шууд холбогдон, Засгийн газрын 100 хоногт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө, төсвийг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар танилцуулга хийлээ.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор аймаг, орон нутагт 800 сая, аймаг, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд зориулан төсвийн тодотголоор 4.5 тэрбум төгрөг, дотоодын бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц хомсдолтой байгаатай холбогдуулан нийт 40 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголоор шийдвэрлэн ажиллажээ. Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн салбар цэгүүдэд нэмж өвс тэжээл байршуулах зорилгоор улсын төсвийн тодотголын хүрээнд 4.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, өвс тэжээлийн бүрдүүлэлтийг хийсэн байна.

Орон нутагт улсын нөөцийн салбар цэгүүдээс малчдад өвс тэжээл хүргэх, зам, даваа хаагдах, тээвэрлэлтийн зардал өндөр гарах, цаг алдах зэрэг хүндрэл бэрхшээл үүсдэгтэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 314 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Завхан аймгийн Түдэвтэй сумдад бэлэн байгаа агуулах саравчийг түшиглэн улсын нөөцийн түр цэгүүдийг байгуулж, өвс тэжээлийг байршуулсан.

Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай” 325 дугаар тогтоолоор 6 аймагт тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зориулж 1 тэрбум, 16 аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор улсын нөөцөөс 536 сая төгрөгийн өртөг бүхий 16 автомашин, 146 сая төгрөгийн өртөг бүхий бараа, материалыг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчид, иргэдэд олгосон.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээ болон аймгуудын Засаг дарга нарын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар улсын нөөцөөс 8000 тонн өвс үнэгүй, 6500 тонн малын тэжээлийн үнийг 50 хувийн хямдруулан олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.

Мөн тэрбээр, “Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байгаа энэ үеэр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт өдөртөө дунджаар 22-30 орчим градус, шөнөдөө 40 градус хүртэл хүйтэрч байна. Малчид хаа сайгүй өвс, тэжээлээ дууссан нөхцөл байдалтай байгаа нь аймгуудын Онцгой комиссын хуралдааны гол сэдэв болж байна. Миний бие одоогийн байдлаар Өвөрхангайн Есөнзүйл, Говь-Алтайн Шарга сумын малчин айлуудаар орж бодит ахуй байдалтай танилцлаа. Мөн таван аймгийн Онцгой комиссын хуралдуулж, Баянхонгорын Бууцагаан, Ховдын Дарви сумдын ЗДТГ-уудаар орж өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан.

Монгол орон даяар ган болж, ургаж алдсан нь өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нэг л шалтгаан болж байна. Монгол Улсын мал 66,2 сая хүрсэн нь эдийн засгийн чухал үзүүлэлт боловч малынхаа хөлд бэлчээр ихээр талхлагдаж байгаа нь жилийн жилд зуд нүүрлэх бас нэг шалтгаан болж байна. Өвөлжилт хүндэрч, хаврын урт сарууд тулж ирсэн энэ үед малчдад өвс тэжээлийн хэрэгцээ маш их байгааг шат шатандаа ярьж байна” гэлээ.

Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийн зүгээс аймгуудын Онцгой комиссын гишүүдэд,

-Засгийн газраас олгосон өвс, тэжээлийг хавтгайд нь тэгшитгэхгүйгээр, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгох,

-Мэргэжлийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тогтмол солилцоход анхаарч ажиллах,

-Оторт яваа малчидтайгаа байнгын холбоо тогтоож,  мэдээ мэдээллээр хангах, тэр дундаа нярай болон 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх

-ЭМЯ-ны төсөвт тусгагдсан нийт 9 түргэн тусламжийн автомашиныг аймгуудын хүсэлтийн дагуу нэн шаардлагатай байгаа газарт хуваарилах, (Үүнд, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Ховд аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Зэрэг, Дуут сум, Баян-Өлгий амйгийн Хотгор, Улаанхус сум, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг)

-Отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах,

-Малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ малыг вакцинжуулахдаа вакцины чанарт анхаарах зэрэг үүрэг чиглэлүүдийг өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top