Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорноговь, Орхон аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуурын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с. 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2,3-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд тавилгын материалын үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 20:47 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20:56 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 06:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06:40 цагт очиж 10 минут ажиллаж, унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сум сумын 1 дүгээр  багт байшин, “Истана” загварын суудлын автомашины хамт шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 10:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 32 дугаар ангийн 12 алба хаагч, 3 автомашинтай 10:35 цагт очиж, 34 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 13:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:12 цагт очиж, 45 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 22:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:15 цагт очиж, 01 цаг ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22 цагийн үед /согтуу/ гараад явсан сураггүй байна гэсэн мэдээллийг 2017.12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, цагдаагийн 3 алба хаагч, ар гэр, орон нутгийн 14 хүн, нийт 22 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг 12.24-ний өдрөөс зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг 2017.12.25-ны өдөр түр зогсоосон. 2018.01.30-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлт тавьсны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрээс нь 4 хүн, орон нутгийн 5 хүн, нийт 15 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг 01.31-ний өдрөөс “Хийдийн даваа”, “Сэлэнгийн арал” гэдэг газруудад зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 02.01-ний өдөр дахин үргэлжлүүлэхээр болсон.

Бусад: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Хаан жимс” амралтын газрын хажууд /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 25 км-т/ “Хаан жимс” амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 35 зорчигчтой, ”Аэробус” загварын жуулчны автобус цасанд суусан тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 21:32 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 23:10 цагт очиж,  45 минут ажиллан татан гаргаж,  аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top