Тал, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

oroh-2.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засгийн газрын Бүрэн цагийн орлогч захирагч, Ойн хээрийн гал түймэртэй тэмцэх газрын дарга, Ойн талбайн галын аюулаас урьдчилан сэргийлэх албаны дарга Хү Лиан И тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг тус газрын удирдлагуудад талархлаа илэрхийлсэн юм.

Харин Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газар, Ой хээрийн түймэртэй тэмцэх газраас Дорнод аймгийн Халхгол суманд Гал түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулахад тусалж дэмжихээ илэрхийлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Мөн цаашид харилцан туршлага солилцох, гал түймрийн үед мэдээллийг хоёр талд шуурхай мэдээлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байгаагаа илэрхийлж, “Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын ой шугуй, тал хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурахаар тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top