Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

27629266_771776199680433_768298785374845053_o.jpg

   Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Дундговь, Өмнөговь аймгийн өвөлжилтийн нөхцөл, байдалтай танилцах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.  

 Шуурхай бүлэг өнөөдөр  Дундговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилт, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар санал бодлыг сонссон байна.  

  Тус аймгийн  хувьд нийт 15 суманд өвөлжилт хүндэрсэн бөгөөд 12 аймгийн 683,500 гаруй  толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Тиймээс өвөлжилт хүндэрсэн сумдад 100 тн өвсийг үнэгүй, 100 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.  

Мөн сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний гаралт тархалтыг хязгаарлах, шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж,  мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

  Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ХХААҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл орон нутагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 

scroll to top