Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн нөхцөл, байдал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Шуурхай бүлэг өчигдөр Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар аймгийн удирдлагуудын саналыг сонсов.
Түүнчлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг тус аймагт олгохоор шийдвэрлэлээ.
Мөн малчдад өвс, тэжээлийг үнэгүй олгох талаар Засгийн газарт танилцуулахаар болж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.