Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Мөнх шигтгээн” ХХК-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13:45 цагт очиж, 40 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15:15 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны 23:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 23:44 цагт очиж, 40 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн “Зүрхийн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт 4 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар  ангийн 12 алба  хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт  27 хүн, 3 автомашинтай 18:10 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж, мөн өдрийн 19:40 цагт бүрэн унтрааж, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставын даргад  хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top