Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 17, 18-нд  зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 17-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир,Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 10:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 10:03 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 16:23 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 16:30  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16:43 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 14 км-т/ иргэн Н /63 настай, эрэгтэй/ 02.15-ны өдрийн 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай 21:10 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 23:00 цагт гэрээс нь урд зүгт 1 км-т эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Бусад: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн  21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  10 минут ажиллаж, нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж  Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top