Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

1-1.jpg

Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан уг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 05 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  1. Байгууллага хоорондын харилцан ажиллагаа, ажлын хариуцлагыг сайжруулах, хоорондын зөрчлийг таслан зогсоох, мэргэжлийн байгууллагын албан хаагч ажлаа хариуцах, ур чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн бус тайлбараа зогсоох
  2. Өвчний тохиолдол илэрсэний дараа нөхцөл байдлыг үнэлэх, малын гоц халдварт өвчний хувьд тандалт үзлэгийг хийх асуудлыг стандарт арга тактикийн дагуу хийх, ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар томилох, төлөвлөгөө гаргах, амаар ажил ярихаа зогсоох, төлөвлөгөөний дагуу ажиллах, голомтын бүс, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүс, эрүүл бүсийн зааг хязгаарыг тандалт үзлэгийн үр дүнд тулгуурлан хийх, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэх, өвчинтэй тэмцэх ажлын эхлэлийг зөв эхлэх, үсчсэн байдалтай ажиллаж байгааг зогсоох
  3. Рашаант суманд ариутгалын цэгээр орсон хүн, машин техникийн шинж тэмдэг, бүртгэл байхгүй байгаа учир дахиж оновчтой байршлыг сонгож үйл ажиллагааг идэвхижүүлэх, 500 гаруй иргэнийг өвчний голомтоос гаргаж, хөдөлгөөнд оруулж өвчний голомтыг томруулах нөхцлийг бүрдүүлсэн асуудлыг тогтоож, хариуцлага тооцох, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахгүй өөрийн дураар ажилладаг сумын Засаг даргын удирдлагын арга барилыг сайжруулах, хариуцлага тооцох, мал устгалын ажлыг цэгцлэх, устгалын цэгт шувууд сэг зэмээр хооллож байгаа асуудлыг зогсоож, стандартын дагуу устгалыг хийх, өөр голомтоос өвчилсөн малыг сумын төв дамжиж зөөвөрлөх асуудлыг цэгцлэх, аймгийн удирдлага, Онцгой комисстой ажлаа уялдуулах, зөрчилтэй асуудлыг зогсоох, өөрт хамааралгүй байдлаар асуудалд хандахыг болих
  4. Устгалын бүлгийг сумын Засаг даргын захирамжаар томилох, устгал хийгдсэн мал, амьтны журнал хөтлөх, баримтжуулах, устгалын акт, малчнаар гарын үсэг зуруулах, Гурванбулаг сум устгалын баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, асуудалд хайхрамжгүй хандсан тул гарсан зардлыг хариуцах, цаашдаа устгалын бичиг баримтыг заавар, журмын дагуу бүрдүүлэх, устгалын ажлын хэсгийг Онцгой байдлын алба хаагчаар ахлуулсан асуудлыг Төв, Өвөрхангай аймаг онцгой анхаарах
  5. Сумын түвшинд шүлхий өвчинтэй тэмцэх тактик хариу арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн онцлогт нийцүүлэн, дотоод нөөц боломжид тулгуурлан боловсруулж ажиллах, вакцинжуулалтын төлөвлөгөө гаргах, аймгийн Онцгой комиссын гишүүдийг тандалтын бүлэгт ажиллуулах, малчдад мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зуруулж, хариуцлагыг сайжруулах, цагдаагийн байгууллагын алба хаагчийг ажлын хэсэгт ажиллуулах, малчдын дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах
  6. Аймгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд өмчийн хэлбэр үл харгалзан Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийг дагаж мөрдөх, нэг баг хамт олон болж ажиллах, гамшигтай тэмцэх ажил улс төрөөс үл хамраахыг онцгой анхаарах, сошиал орчинд ард иргэдэд буруу мэдээлэл түгээхийг хориглох, байгууллагууд өвчинтэй тэмцэх ажилд дотоод нөөц боломжоо дайчилж, дэмжиж туслах, байгууллага дээрээ халдвар хамгааллын дэглэмийг сахих, аймгийн хэмжээнд Засаг даргаар удирдуулсан нэг удирдлага хэрэгжиж байгааг ухамсарлах, удирдагчийн ёс зүйг сахих
  7. Булган аймгийн эрүүл сумдад өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүргийг албан тоотоор хүргүүлэх, аймгийн төвийн сумын план зурагт хүн, машин техникийн хөдөлгөөн үйлдэх маршрутыг тогтоож өгөх, хяналт тавих, хяналтын цэгт дүйцүүлэх алба хаагчдыг дайчлах
  8. Өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг бодитоор дээд шатны байгууллагад ирүүлэх, болж бүтэж байгаа гэж хуурамч мэдээлэл ирүүлэхээ таслан зогсоох, Гурванбулаг суманд сумын төвөөс гадна 18 км-т малчны хотонд мал гоц халдварт өвчнөөр өвчилсөн, малын эмч байхгүй, өвчилсөн малыг эмх замбараагүй тээвэрлэсэн, өвчин цааш тархах болзошгүй эрсдэл үүсгэсэн ноцтой асуудлыг мэдэгдээгүй, газар дээр нь ажиллах явцад мэдсэн зэрэг хариуцлагагүй асуудлыг таслан зогсоох
  9. Төв аймгийн удирдлага, холбогдох мэргэжлийн дарга нар тус суманд өвчний нөхцөл байдал үүссэн байхад газар дээр нь танилцаагүй, мэргэжилтэн явуулчихсан, өвчинтэй тэмцэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллага хариуцлагатай хандах
  10. Булган аймаг ариутгал, халдваргүйтгэлийн цэгийг яаралтай байгуулах, өмнө нь удаа дараа цахим хурлаар үүрэг өгөөд хариуцлагагүй хандсан асуудлаа таслан зогсоох, ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Булган сумын Засаг даргын тамгын газрын ажиллагсдадтай уулзаж, аймгийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг өгч, үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулахад анхаарч ажиллаж байна.

Цагдаа болон тагнуулын байгууллагын алба хаагчдад өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоохыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top