Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт  бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын болон  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд баруун  аймгуудын зарим нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27, 3 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 3-р сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 11:16 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дах Онцгой байдын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 11:26 цагт очиж 33 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр  багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 16:55 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 02:09 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 02:15 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  7.5 км зам туулан 03:54 цагт  очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сул-Улаан багийн “Сул-Улаан” гэдэг газар /сумын төвд/ Ховд голын халиа гүйж голын эрэг дагуу нутагладаг 8 айлын байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, 110 км зам туулж 19:49 цагт очиж орон нутгийн 45 иргэн, 5 автомашинтай ажиллаж 1 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Баянголын-Ам” гэдэг газар Ар гүнтийн даваанаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 7 зорчигчтой “Лексүс RХ-400” загварын суудлын автомашин, “Субару простер” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 00:26 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 01:40 цагт очиж, 40 минут ажиллаж цасанд суусан автомашинууд татан гаргах боломжгүй тул орхиж, 7 иргэнийг Улаанбаатар хотод хүргэж ирсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top