Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Завхан, Увс, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, Алтайн уулс болон говь тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 4, 5-нд зарим газраар, 6, 7-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захын 4 дүгээр давхарт зоогийн газрын гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 12 алба хаагч, 4 автомашинтай 4.5 км замыг туулан 02:31 цагт очиж, 01 цаг ажиллаж, унтраасан. Нэмэлтээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 02 цаг 38 минут очиж, задаргаа хийж ажилласан.

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 10:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулж, 10:57 цагт очиж, 33 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд иргэн Э-гийн эзэмшлийн ‘’Экстрал’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 12:43 цагт очиж, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж, унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Ланс багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 1.6 км замыг туулан 15:30 цагт очиж, 8 минут ажиллаж, унтраасан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Бултын тохой” гэдэг газар /аймгаас зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ тус сумын малчин Г-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны 21:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн 3 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 7  хүн, 2 автомашинтай 50 км замыг туулан 22:54 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Өлгий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Г-гийн эзэмшлийн “Портер” загварын 4 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.02-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан  22:40 цагт очиж, Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан 2 автомашин, Сүхбаатар сумаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 8 автомашиныг цаснаас татан гаргаж, нийт 43  зорчигчийг аюулгүй газарт хүргэсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Улаанбаатар хотын харьяат иргэн О-гийн эзэмшлийн “Н3 хамер” загварын суудлын автомашин 5 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 01:01 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 34 км замыг туулан 01:43 цагт очиж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул иргэн Д /42 настай, эмэгтэй/, иргэн О /32 настай, эрэгтэй/, иргэн О /32 настай, эрэгтэй/, иргэн М /26 настай, эрэгтэй/, иргэн Ч /25 настай, эрэгтэй/ нарыг  аюулгүй газарт хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top