Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгууллаа.
Хээрийн нөхцөлд 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд усан доогуур баримжаалах, усан дор эрэн хайх аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврагчдын сэтгэлзүйн дадлагыг эзэмшүүлэх зорилготой дадлага сургуульд 20 гаруй аврагч хамрагдсан юм.
Аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааг усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж, шинэ алба хаагчдаа сургаж бэлтгэн бэлэн байдлыг нь хангуулсан дадлага сургууль наймдахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ жилийн дадлага сургуулийн онцлог нь Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Ч.Гантулга анх удаа орон нутгаас оролцож, усчин аврагчдаас туршлага судалсан юм. Тэрээр 2012 оноос хойш гал сөнөөгчөөр, 2014 оноос хойш давхар усчин аврагчаар үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.