1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орж, явган шуурга шуурна, салхи зүүн өмнөөс хойш эргэж 7-12 м/с, 6-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар, 9-нд зарим газраар 12-14 м/с, 8, 10-нд Алтайн уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 7-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халхын голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүргэд багт 4х8 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 21:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 21:53 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Ачуут багт иргэн Б-гийн “Тоёото Фит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 01:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 01:18 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30-км-т/ Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой “Портер” загварын ачааны автомашин, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой “Ниссан теана” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 50 км зам туулан 14:27 цагт очиж 28 минут ажиллаж иргэн С /56 настай, эрэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Э /29 настай, эмэгтэй/, М /28 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан гэмтсэн байсан тул ГССҮТ-д хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР