УЛСЫН НӨӨЦ, ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗАР

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk-6rsyv6zpn7enapump3q16g4y0v6dxpkm4c0vpqowi0w.jpg

УЛСЫН НӨӨЦ, ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн маш нууц 244 дүгээр тогтоолоор “Өргөн хэрэглээний барааны улсын нөөц байгуулах тухай” үүргийг тухайн үеийн Худалдаа, бэлтгэлийн яам,  Гадаад худалдааны яамд үүрэг болгосноор улсын нөөцийн бараа, материал хуримтлуулах түүхэн замнал эхэлсэн байна.

  • БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1977 оны маш нууц онц чухал 235 дугаар тогтоолоор БНМАУ-ын Улсын Төлөвлөгөөний Комиссийн Улсын материал-техникийн хангамжийн хороонд улсын дайчилгааны нөөц харъяалагдах болж Тусгай хэлтэс байгуулан байнгын хяналт тавих болсон байна.
  • БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 53 дугаар тогтоол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Улсын Төлөвлөгөөний Комиссийн 1981 оны 195 дугаар тогтоолоор Улсын ба дайчилгааны бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, түүнийг төвлөрүүлэн удирдах, улсын нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхийг Материал-техникийн хангамжийн улсын хороонд даалгасан байна.
  • Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөс хамааран 1988 оноос Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам, 1990 оноос Худалдаа, хамтын ажиллагааны яамны Тусгай хэлтэс, Худалдаа, үйлдвэрийн яамны Үйлдвэр, техникийн хэлтэс болон өөрчлөгдөж Улсын нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хүлээлгэж байжээ.
  • Монгол Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоол, Засгийн газрын 1996 оны хуралдааны 38 дугаар тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын 1996 оны 314 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрыг 1996 оны 9 дүгээр сарын 20-нд байгуулж олон яамны мэдэлд салангид байсан улсын нөөцийг нэг гарт төвлөрүүлэн улсын нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх болжээ.
  • Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01 тоот тогтоолоор Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулж улсын нөөцтэй холбоотой үүргийг Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Улсын нөөцийн газар хариуцах болсон.
  • 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг шинэчлэн, боловсронгуй болгож баталсны үндсэн дээр Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон шинэчлэн зохион байгуулан улсын нөөцтэй холбоотой асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, холбоо хангалтын газар хариуцах болсон.
  • 2008 оноос Улсын нөөц, Сэргээн босголтын газар нэртэй 2 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2012 онд Улсын нөөцийн газар, 2015 оноос Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар гэж өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗОРИЛГО:

Онцгой байдлын ерөнхий газрын эрхэм зорилгын хүрээнд нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл, эдийн засгийн хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай улсын нөөцтэй холбоотой асуудлыг улс орны хэмжээнд зохион байгуулах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл, эдийн засгийн хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалт бүхий улсын нөөцийн бараа, материалыг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон байршил нэр төрөл, тоо хэмжээнд нь хүргэн бүрдүүлэх, хадгалах, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих. тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулж Үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, шинэчлэх үүрэгтэйгээс гадна гадаад улс орнуудад тохиолдсон байгалийн гамшгийн үед Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрээр улсын нөөцөөс бараа, материалын буцалтгүй тусламж хүргүүлэн ажиллаж байсан.

ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ

  1. Гамшгаас хамгаалах тухай хууль                                                                     
  2. Төрийн болон албаны нууцын тухай хууль                                       
  3. Улсын нөөцийн тухай хууль                                                                                
  4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль
  5. Хүнсний тухай хууль
  6. Таримал ургамлын үр, сортын тухай хууль
  7. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль
  8. Монгол Улсын Их Хурлын 2008 оны ”Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай”  30 дугаар тогтоол                                                                      
  9. Монгол Улсын Их Хурлын 2010 оны ”Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай” 42 дугаар тогтоол
  10. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 199 дүгээр тогтоол “Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам”, “Нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журам
  11. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Улсын нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” маш нууц 364 дүгээр тогтоол
  12. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлал
  13. Монгол Улсын Шадар Сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрүүд                                                

 Монгол Улсын нөөцийн байгууллага нь 2018 онд “Чанарын менежментийн тогтолцоо”- ISO 9001:2015 стандартын удирдлагын системийн тогтолцоог нэвтрүүлсэн.

scroll to top