А.Дашням: Улаанбаатар хотод газар хөдлөх магадлал маш өндөр байна

145042.jpg

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашнямтай нийслэл хотын барилга байшингууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй, Улаанбаатар хот газар хөдлөлтөд бэлэн байгаа эсэх асуудлаар ярилцлаа. 

                    -ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГ БОЛОХ МАГАДЛАЛ УЛАМ ИХЭСЧ БАЙНА-

-Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар  байгаа вэ? Энэ гамшгаас урьдчилан сэргийлэх ажил ямар хэмжээнд байгаа  вэ?

-Улаанбаатар хот маань газар хөдлөлтийн чичирхийлэлийн 6-8 баллын идэвхитэй бүст оршдог бөгөөд  судалгаанаас үзэхэд жил ирэх тусам  газар хөдлөлтийн чичирхийлэл тоо нэмэгдэж байгаа  нь газар хөдлөлтийн гамшиг болох магадлал улам ихэсч  байна гэж  мэргэжлийн байгууллагууд тодорхойлж  байна. Улаанбаатар хотод хэзээ нэг цагт газар хөдлөх нь тодорхой. Гагцхүү хэзээ гэдэг нь тодорхойгүй. Урьдчилж мэдэх боломжгүй. Гамшиг бол хэлж биш хийсч ирдэг. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгийн үед яах ёстой вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах ажлууд зохион байгуулах ёстой. Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр маш олон ажил хийж байна. Бидний явуулж буй үйл ажиллагаанууд үндсэндээ гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой. Засгийн газрын 2011 оны 330-340 дүгээр тогтоол гэж байдаг. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр улс даяар зарлан мэдээллийн дохио дуугаргаж, дохионы дагуу цугларах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулах хамтарсан сургалтууд жил бүр зохион байгуулдаг. Жил ирэх бүр энэ ажиллагаанд оролцож байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

-Найман баллын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хот эрсдэлтэй байдалд байна гэж ойлгож болох уу?

-Тэгэхээр 8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд Улаанбаатар хот маш эрсдэлтэй байдалд байна гэж ойлгож болно. Тиймээс Монгол Улсын  Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор  газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх  байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулж газар хөдлөлтийн  гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж ажиллаж байна  улаанбаатар хотын  хэмжээнд дээрх шийдвэртэй уялдуулан нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн байгуулан зөвлөлийн даргаар нийслэлийн засаг даргын орлогч Баярхүү дарга ахлан ажиллаж байна. Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх  байнгын ажиллагаатай зөвлөл  маань хоёр нарийн бичгийн даргатай. Нэг нарийн бичгийн дарга нь нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого  төлөвлөлтийн хэлтсийн чиглэл хариуцсан мэргэжилтэн , нөгөө нэг нь нийслэлийн онцгой байдлын газрын онцгой комиссийн нарийн бичгийн дарга нар  томилогдон ажилладаг. Нийт  25  гишүүнтэй. Есөн дүүргийн засаг дарга нар болон  холбогдох агентлагуудын дарга нар ордог  бөгөөд нийслэлийн онцгой  байдлын газар  ажлын алба болон томилгоожин ажиллаж байна.

-Яг ямар зорилго, чиглэлтэй зөвлөл юм бэ?

-Зөвлөл байгуулагдсанаас хойш нэлээдгүй ажлуудын зохион байгуулан ажиллаж байна. 2016 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын тэргүүлэгчдын 94 дүгээр тогтоолоор  нийслэл хотод 111 түр цугларах талбай, 31 нүүлгэн шилжүүлэх байршлуудыг томилгоожуулан 2017 онд нийслэлийн засаг даргын хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлэн хотын хэмжээнд  томилгоожсон 111 байршлуудыг тэмдэглэгээжүүлэх ажлыг зохион байгууллаа.  Хотын  нутаг дэвсгэрт байгаа нийтийн зориулалттай 576 орон сууцны барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж, паспортжуулан Arc Gis программд мэдээллийг оруулан бүртгэлжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны  А/265 дугаар захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны 43 барилгад   биет, үзлэг хэмжилт, туршилт, судалгаа хийж дууссан.  Газар хөдлөлтөд тэсвэргүй гарсан 41 барилгад улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газарт  хүргүүлсэн. НИТХ-ийн  90 дүгээр тогтоол “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”, нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөн, барилгажуулах тухай захирамжаар 85 барилгыг буулгаж, барилгажуулах шийдвэр гаргуулах зэрэг ажлыг тус тус зохион байгуулан ажиллаж байна. Бид цаашдаа ажлаа илүү үр дүнтэй болгох зорилгоор 2018 онд  зөвлөлийнхөө хурлуудыг нийслэлийн дүүргүүд дээр зохион байгуулан, дүүргийн Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж  үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр түлхүү анхаарч  ажиллаж байна.

 -1950 ОНООС ӨМНӨХ БАРИЛГУУДЫГ БАРИХДАА ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ 

ОГТ ТООЦООЛООГҮЙ-

-Орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Оршин суугч, худалдан авагчдадаа татахдаа “Манай барилга найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй” гэж сурталчилдаг. Барилгуудыг улсын комисс хүлээж авахад үнэхээр найман баллд тэсвэртэй эсэхийг нь Онцгой байдлын алба хянаж хүлээж авдаг уу?

-Улсын комисс барилга байшин хүлээж авах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага газар хөдлөлт талаасаа шалгалт хийдэггүй. Харин галын аюулгүй байдал талаас нь шалгадаг. Газар хөдлөлт талаас нь мэргэжлийн хяналтын байгууллага болон Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгаж хүлээж авдаг. Барилга байшингуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй байх эсэх нь чанарын стандартыг хэр мөрдөж байгаагаас шалтгаална. Одоогийн барилгуудын чанар ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Муу материалаар хийгдэж байгаа барилга маш олон байна. Үүнээс үзэхэд газар хөдлөлтийн гамшиг бүрэн дүүрэн даах барилга байна гэхэд хэцүү.

-Газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь яг яаж шалгаж хүлээж авдаг юм бэ?

-Их нарийн асуудал. Манай улсын хувьд стандартаар нь шалгалт хийхэд хүндрэлтэй. Олон улсын хэмжээнд, жишээ нь Японд гэхэд эхлээд туршилтын барилгаа бариад чичирхийлэлд нурж байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Нурсан ч гэсэн тэр чигээрээ нурж байна уу, тодорхой хэмжээгээр ан цав үүсч байна уу гэж нарийн хардаг юм билээ. Ийм байдлаар аюулгүй байдлыг нь тооцож гаргадаг.

-Манай улс хэдийнээс барилга байгууламжаа газар хөдлөлтөд тэсвэртэйг үнэлж эхэлсэн бэ?

-1950 оноос өмнөх барилгууд үндсэндээ газар хөдлөлтийн ямар ч чичирхийллийг тооцоолоогүй баригдсан юм. 2000 оноос хойш барилга барихдаа газар хөдлөлтийн чичирхийллийг тооцож барилга барьдаг болсон.

-Улаанбаатар хотод хамгийн сүүлд хэзээ хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсон бэ?

-Газар хөдлөлт гэдэг харьцангуй ойлголт. Улаанбаатар хотод хамгийн сүүлд гэхэд Гачуурт, Гүнжийн хоолойд болж байсан. Тодруулбал 2015 оны аравдугаар сарын 3-нд 15:30 цагт Улаанбаатарын орчимд, нийслэлээс 20-иод км-т голомттой, 4,5 магнитудын газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлтийн асуудлыг улсын хэмжээнд анхааралдаа авч, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярьж байсан. Үүнтэй уялдуулан ОБЕГ, болон бусад мэргэжлийн байгууллага үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулснаар төрийн дээд шатанд анхаарал тавьж нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэж байсан. Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр хүртэл ярьж байсан. 

-Улаанбаатар хотод хамгийн дээд тал нь 4, 5 магнитудын газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Харин улсын хэмжээнд дээд тал нь 7 магнитуд хүрсэн. Тодруулбал, долоон магнитудын газар хөдлөлт Говь-Алтай орчимд болж байсан. Одоо газар нь хагарчихсан байдаг. Орон нутгийн газар хөдлөлт хээр тал газар ихэвчлэн мэдрэгддэг. Хотжилт багатай өргөн уудам газар нутагтай болохоор эрсдэл бага гардаг. Харин Улаанбаатар хотын төвд энэ мэт хүчтэй газар хөдөлбөл ямар эрсдэл үүсэхийг хэлж мэдэхгүй.

-Онцгой байдлын байгууллага газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх талаар ямар ажил зохион байгаа вэ?

-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа ханган сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн. 2018 онд нийслэлийн засаг даргын 2018 оны а/41 дүгээр захирамжаар  гурван дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, гурван дүүргийн  гамшгаас хамгаалах албанд засаг даргын нэрэмжит  бэлэн байдлын үзлэг, гурван албанд удирдах бүрэлдэхүүний сургалтыг тус тус зохион байгуулахаар  ажиллаж байна. Дээрх сургалт дадлагууд нь болзошгүй гамшгийн үед онцгой комисс,  гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн үүрэг, харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг уялдуулан зохион байгуулах сургаж дадлагажуулахад чиглэгдэж байдаг. Саяхан бид монгол улсын  шадар сайдын 2018 оны 75 дугаар тушаалаар  батлагдсан мэргэжлийн анги байгуулах журмын дагуу нийслэлийн  тусгай зориулалтын   мэргэжлийн ангийг засаг даргын захирамжаар байгуулан удирдах бүрэлдэхүүний сургалтын зохион  байгууллаа.Хуучин  журмаар мэргэжлийн ангийг зөвхөн төрийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулдаг байсан бол шинэ журмаар төрийн болон төрийн бус  байгууллагууд томилгоожуулснаараа онцлог юм.  Бид   энэхүү  журмын хүрээнд үндэсний хэмжээний томоохон  компаниуд болох  Номин холдинг, Алтан жолоо, Эм си эс, МТ, Шунхлай шатахуун түгээх станц гэх мэт олон  аж ахуй нэгжийг томилгоожуулж  сургалтанд хамруулан сертификатжуулан  гамшгийн үед хамтран ажиллахаар болсон.

-МОНГОЛЧУУД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЗОВЛОН ҮЗЭЭГҮЙ АРД ТҮМЭН–

-Газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжтой юу?

-Одоогоор дэлхий нийтэд газар хөдлөлтийн гамшгийн урьдчилан  мэдэх боломжгүй.Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зарлан мэдээллийн, хүргэх  дуут дохиоллын 60 цамхаг байдаг. Улаанбаатар хотоос 160-300 км-ийн радиуст  орших гурван том газар хөдлөлтийг  голомт  бүхий газар  чичирхийллийг мэдрэх станц байршуулсан. Эдгээр голомтод хүчтэй чичирхийлэл үүсвэл  мэдрэх станц хиймэл дагуулаар дамжуулан  30 секундын дараа Улаанбаатар хотын  зарлан мэдээллийн 60 цамхагт мэдрэгдэж, амжиж анхааруулах дохио болон бусад зарлан мэдээллээр хангах хэрэгслүүдэд  дамжуулагдаж иргэдэд мэдээлэх   ёстой. Тэрнээс наана буюу Улаанбаатараас 100 км-ийн радиуст газар хөдөлбөл урьдчилан анхааруулж, мэдэгдэх ямар ч боломжгүй тийм хугацаа байхгүй гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн иргэд маань газар хөдөлсөн тохиолдолд өөр өөрийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэдлэг мэдээлэлтэй байж, амь нас эрүүл мэндээ аврах хэрэгтэй юм. Олон улсад  тохиолдож  байсан гамшгийн  туршлагаас харахад  газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход мэргэжлийн байгууллагууд иргэдийнхээ гуравхан хувьд нь хүрч ажилласан  Үлдсэн 97 хувьд нь  иргэд  өөрөө өөртөө  болон хамт байгаа хүмүүс нь  тусламж үзүүлсэн байдаг.

-Манай иргэд өөрөө өөрийгөө хамгаалах дадалд хэр бэлтгэгдэж байна вэ?

-Манай улсын хувьд хүндрэлтэй асуудлууд нэлээд бий. Газар хөдлөлтийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн гэж хэлж болно. Ойлголт их муу. Хүлээж авах нь их муу. Үндсэндээ онцгой байдлын байгууллага л энэ ажлыг хийж, бидний амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэтэл Онцгой байдлын байгууллага чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ нөхцөл байдал үүсэхэд тэр хэмжээнд нь хүрч иргэдээ хамгаалж, хүрч ажиллаж чадах уу, үгүй гэдэг асуудал тодорхойгүй. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд, аль нэг байгууллагад найдах биш, өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагын явуулж буй сургалт дадлагуудад идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай.

-Сүүлийн үед улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийлэл улам бүр нэмэгдэж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Одон орон судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар, газар хөдлөлтийн нөхцөл байдал хүндэрч байгаа. Улаанбаатар хотыг тойроод таван том хагарал гарчихсан. Хустайн нуруу, Эмээлт гэх мэт. Тэгэхээр Улаанбаатар хотод газар хөдлөлт хэзээ нэгэн цагт болох нь тодорхой юм. Хэзээ, хэдий хэмжээний газар хөдлөлт болохыг урьдчилж мэдэх боломжгүй.

Б.Бурмаа 

scroll to top