Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан  байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 10:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 10:08 цагт очиж, 10 минут ажиллаж,  унтраасан.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт 4 айлын нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 23:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 8 алба хаагч 1  автомашинтай 40 км замыг туулан 03:45 цагт очиж, 2 цаг 50 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэр дээр орон нутгийн 50 иргэн, 4 автомашинтай ажилласан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, /Ө 48052/0.0//, У 101045/00/// 03.15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 02:50 цагт ООГХ-ээс утсаар мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 03.15-ны өдрийн 03:19, 13:35 цагуудад тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй” тухай мэдээлсэн боловч 03.15-ны өдрийн 14:50 цагт тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн 3 давхар барилгын хана цуурсан, 1 дүгээр давхрын 1 цонхны шил цуурсан тухай мэдээллийг сургуулийн захирал аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас ажлын хэсэг 03.15-ны өдөр газар дээр нь очиж ажилласан. Тус суманд 2017 онд ашиглалтанд орсон сургуулийн спорт заалны гадна талын L-тэнхлэгийн уулзвар, гадна хананы өнгөлгөөний шаварт цууралт үүссэн, хичээлийн А, Б блокын хана, 1-3 давхрын коридор, ангийн дам нуруу, хананы заагаар хөдөлгөөн орж эмульс замаск унасан, гал тогооны цонх цуурсан, түшиц хананд хөндлөн босоо бага зэргийн хялгасан цууралт нь цаад ханандаа нэвт гараагүй байна. Барилгын үндсэн хийцэд ямар нэгэн эвдрэл гараагүй, ослын байдалд хүрээгүй. Мөн Засаг даргын тамгын газар, цэцэрлэгийн байранд үзлэг хийхэд хэвийн байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн баруун талд дулааны худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 12:14 цагт очиж, 14 минут ажиллаж, нас, нэр, хүйс тодорхойгүй цогцос байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 8 дугаар багын “Хөшөөтийн-Шүү” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км-т/ Баруун-Урт сумаас Дарьганга сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харъяат иргэн Б-гийн “Ланд-200” загварын суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 03.16-ний өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 22:20 цагт очиж, 3 цаг ажиллан татан гаргаж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top