Онцгой байдлын албаны алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжилтийг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдад уулын болон аяллын спортыг сурталчлах зорилгоор “Оргил өөд-Аврагч” клубээс алба хаагчдын дунд явган аяллыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус явган аяллыг уулын спортын гавъяат тамирчин Т.Гүррагчаагаар ахлуулсан багийн бүрэлдэхүүн удирдан зохион байгуулах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, “Аврагч” биеийн тамир техник спортын хороо, Нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид хамрагдах юм.
Явган аяллыг Төр хурахын ам- Богд уулын ноён оргил Цэцээ гүн гэсэн маршрутаар зохион байгуулна.
“Оргил өөд-Аврагч” клуб нь цаашид ч алба хаагчдын дунд уулын болон аяллын спортыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.