Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бага зэргийн хур тунадас орж, нийт нутгаар шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг, “Баргилт” төмрийн хүдрийн уурхайд оффиссын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 17:16 цагт очиж, 41 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр багийн “Угалзын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 9 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 10:18 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 10:32 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн “Хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ өвөлжөө шатаж гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан  16:32 цагт очиж, 03 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км замыг туулан 14:40 цагт очиж, 01 цаг 03 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Ухаа толгой, Жавхлант” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ байшин, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 7 алба хаагч,1 автомашин, орон нутгийн 18 хүн, 4 автомашин, нийт 25 хүн, 5 автомашинай 30 км замыг туулан 19:10 цагт очиж, 02 цаг 30 минут ажиллаж, унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 20:01 цагт очиж,  10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 11-9 тоотод /аймгийн төвөөс зүүн  зүгт 25 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 22:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 25 км замыг туулан 22:30 цагт очиж,  01 цаг 30 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд иргэн М-ийн эзэмшлийн “Марк-Экс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 22:48 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 23:06 цагт очиж, 3х5 метрийн хэмжээтэй граж, автомашины хамт шатаж байсныг 01 цаг ажиллан, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.31-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36  хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.01-ний өдрийн 08:30 цагт цурманд оруулсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Өлөнгийн хаяа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ “УАЗ-469” загварын 10 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 22:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 23:10 цагт очиж, 10 минут ажиллаж, автомашиныг татан гаргасан.

5.Мэдээлэл: 

Үйл ажиллагааны талаар: Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Шадын хонхор” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 40 км-т/ цахилгаан дамжуулах 15 квт-ын агаарын шугамын тулгуур багана 03.31-ний өдрийн 16:30 цагт шуурганд унасан тухай мэдээллийг аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер Н.Галбадрах мөн өдрийн 17:40 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тулгуур багана унасны улмаас тус аймгийн Цагаанхайрхан, Завхан, Өндөрхангай, Завхан аймгийн Тэс суманд цахилгаан хангамж тасарсан. Мөн 03.31-ний өдөр Увс аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсан тул Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Ховд сумуудын чиглэлийн цахилгаан хангамжийг мөн өдрийн 16:30 цагаас 04.01-ний өдрийн 08:40 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлалт хийсэн. 04.01-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 3 ажилтан, нийт 8 алба хаагч, 1 автомашинтай ажлын хэсэг 13:30 цагт  очиж, нийт 2:30 цаг ажиллан гэмтлийг засварлаж, 18:30 цагт  сумдыг цахилгаан эрчим хүчинд холбосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top