Хаврын хуурайшилтын улирал эхэлж гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГТТГ-ын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын удирдлагын бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын орлогч дарга, аймгийн Байгаль, орчны газрын дарга, орлогч дарга, удирдлагуудтай цахимаар шууд холбогдон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.
Хаврын хуурайшилтын улирал эхэлсэн, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр салхи шуурга ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад өвөл хур тунадас бага орсон, мөн он гарсаар гал түймрийн тоо давтамж нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Дээрх аймгуудын хувьд нутаг дэвсгэрийн дийлэнх нь хуурайшилтын зэрэгт шилжсэн учраас ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, албаны бэлтгэл бэлэн байдлаа хангах, гал түймэр гарах эрсдэл бүхий сумдад урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цахим хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,
- Сүхбаатар аймгийн Засаг даргад Улсын Онцгой комиссын болон ОБЕГ-ын даргын албан даалгаврыг татаж авах, аймгийн Засаг даргын албан даалгавар гаргуулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах.
- Бүх аймгуудад. Албан даалгаврын хэрэгжилтийг анхаарах.
- Мэргэжлийн ангиудын бэлтгэл ажлыг хангуулах, төлөвлөгөөг түүний хэрэгжилтийг шалгах.
- Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.
- Сахилга дэг журмыг зохион байгуулах ажлыг шат шатандаа албан тушаалтнуудад хатуу хариуцлага шаардаж, айл өрхүүдэд хариуцлага тооцуулж ажиллуулах.
- Аймгийн Байгаль орчны газар Ойн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих хэмжээнд биелүүлэх, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг сайтар зохион байгуулж ажиллах.
- Ойн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахад анхаарах.
- Ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх тал дээр цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагыг татан оролцуулах.
- Ой, хээрийн гал түймэр унтраах тактикийн төлөвлөгөөг боловсруулан батлуулах, сум орон нутагт төлөвлөгөөг тарааж явуулах, ОБЕГ-ын удирдлагад танилцуулах.
- Галын аюулгүй байдлын болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 сарын хугацаатай томоохон аян зохион байгуулах.
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хамгийн гол нь гэдгийг сайтар анхаарах, шатахуун, хүнсний нөөц, тусламжийн асуудлыг Онцгой байдлын байгууллагадаа цаг алдалгүй гаргаж өгч байх.
- Сайн дураар гал түймэр унтраах ажиллагаанд оролцож байгааг иргэдийг сайтар зохион байгуулан, сургалтанд хамруулах.
- Цаг агаарын мэдээллээр олон жилийн дунджаас дулаан байх, хур тунадас багатай байх мэдээлэлтэй байгааг анхаарч ажиллах.
- Мэдээ мэдээлэл солилцож хамтран ажиллах тал дээр анхаарах, зүүн бүсийн төв дээр удирдах бүрэлдэхүүн уулзалт зохион байгуулах.
- Орон нутгийн удирдлагууд аймгийн онцгой байдлын газрууддаа дэмжлэг үзүүлж сайтар хамтарч ажиллах зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.