Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд Дорнод аймагт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага“ сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Булган, Хөлөнбуйр, Матад сумдын сургагч багш нар, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нийт 32 алба хаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтыг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш, Олон улсын зөвлөх, доктор Иан Вайлдэрспин нар удирдан явуулж байгаа бөгөөд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, тайлан бэлтгэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан сайжруулах зэрэг хичээл зааж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх туршлагаасаа хуваалцах юм. Мөн сургалтын төгсгөлд ой, хээрийн болон объектын гал түймэртэй тэмцэх дадлага, сургуулийг зохион байгуулах бөгөөд сургалт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.