1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар бага зэргийн цас орж цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар бага зэргийн салхитай хур тунадас ороогүй.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 0-2 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар, 8,10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ээж мод’’ гэдэг газар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн С-ийн “Аллион” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 17:16 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн 04.06-ны өдрийн 00:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 01:07 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт /Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагаан-Үүр сумын 34 иргэн, 2 автомашин, Чандмань-Өндөр сумын 21 иргэн 2 автомашин, 17 морьтой хүн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэл, 17 морьтой ажиллаж 04.05-ны өдрийн 17:45 цагт цурманд оруулсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн “Эмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ иргэн Т /40 настай, эрэгтэй/ 04.04-ний өдрийн 19:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтайгаар 05:00 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:15 цагт Сайнцагаан сумын “Хайрханговь” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 40 км-т/ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Баяндэлгэр, Онгон, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан суманд иргэд малдаа яваад сураггүй алга болсон 11 дуудлагыг хүлээн авч орон нутгийн 58 иргэн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 том хүн, 6 хүүхэд, нийт 16 хүний амь биеийг аварсан.
Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Түвшинширээ, Халзан, Эрдэнэцагаан суманд малчид малдаа явах, гэрээсээ гараад сураггүй алга болсон 5 дуудлагыг хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 11 автомашин, нийт 44 хүн, 12 автомашинтайгаар 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай багийн “Мөргөцөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ тус сумын харъяат малчин Б /53 настай, эрэгтэй/, Б /53 настай, эмэгтэй/ нар 04.04-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус сумын 5 хүн, 1 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг 04.05-ны өдрийн 13:10 цагаас зохион байгуулж мөн өдрийн 17:50 цагт тус багийн “Мөргөцөг” гэдэг газраас /гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т/ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Бусад /Цасанд суусан/: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Говь” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км-т/ иргэн Г-гийн “Приус-20‘’ загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 12:00 цагт очиж, автомашиныг цаснаас татан гаргаж, иргэн Г-д хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Баян цагаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Баяндалай сумаас Баян багийн чиглэлд зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин жалга руу гулсаж орсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 65.5 км зам туулан 13:30 цагт очиж, автомашиныг 02 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Зэгэст” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Сүхбаатар сумаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Аксент” загварын 7 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 16:30 цагт очиж, 7 иргэнийг аймгийн төвд авчирч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Хуримт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ тус сумын харъяат иргэн А-гийн эзэмшлийн “Криста” загварын 9 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай 20:20 цагт очиж, 1 цаг ажиллаж, автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР