Д.Батсайхан: Хамгийн идэвхтэй оролцогч нь бага ангийн сурагчид, цэцэрлэгийн багачууд байдаг

batsaihan-dargaaaa.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай уулзаж ярилцлаа.       

       -Хэдхэн хоногийн өмнө улс орон даяар Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллалаа. Өмнөх жилтэй харьцуулахад энэ жилийн дадлага сургуулилалтын онцлог нь юу байв?

– Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр улс орон даяар зарлан мэдээллийн дохио дуугаргаж, дохионы дагуу иргэд аюулгүй талбайд цугларах дадлага сургуулилалт хийдэг. Мөн өнгөрсөн жилээс Засгийн газрын 67 дугаар тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон орон даяар тэмдэглэдэг болсон.

Энэ өдрүүдийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын зүгээс иргэдэд зориулсан сургалт дадлагуудаа зохион байгуулж байна. Жил бүр энэ ажиллагаанд оролцож байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энэ жилийн хувьд Онцгой байдлын байгууллагын зүгээс их, дээд сургууль, МСҮТ-үүдийн багш, оюутнуудын оролцоонд ихээхэн анхаарч ажилласан. Үүний үр дүнд томоохон 25 их, дээд сургуулийн 15 мянга орчим багш, оюутнууд дадлага сургуульд хамрагдлаа.

Төв, орон нутгийн хувьд Онцгой байдлын газар, хэлтсүүд орон нутагтаа зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажилласан. Нийтдээ орон даяар 800 мянга гаруй иргэн дадлага сургуульд хамрагдлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 8.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах өдрийн хүрээнд төр, захиргааны болон төрийн бус олон нийтийн байгууллагууд, боловсролын байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгүүлж, 3556 цугларах талбайг тодотгож,  шинээр 629 тэмдэг байрлуулж ажиллалаа.

Ер нь энэ өдрийн ач холбогдол бол газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, бэлтгэл, бэлэн байдлаа хувь хүн бүр хэрхэн хангах чиглэлээр дадлага сургууль хийж, зөв дадалтай болгоход чиглэгдэж байгаа юм. Тийм ч учраас гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тэр чигт нь аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд хамрууллаа. Гамшиг тохиолдсон үед аюулгүй талбайд байх ёстой бүх л үйлчилгээний цэгийг ажиллуулсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн төрийн захиргааны байгууллага, бусад үйлчилгээ болон хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хичээлийг тасалдуулахгүй байх үүднээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх талбайд сургууль, цэцэрлэгийг байгуулж, нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн хээрийн эмнэлгийн дэлгээг гаргалаа. Өөрөөр хэлбэл, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэд тэндээс төрийн бүх үйлчилгээг авах боломжтой байсан гэж хэлж болно. Тус хорооны 800 гаруй иргэн энэ дадлагад хамрагдсан.

-Газар хөдлөлтийн хувьд аюул дагуулах хэмжээний гамшиг тохиолдоогүй болоод ч тэр үү иргэд маань газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ойлголт багатай юм шиг санагддаг. Ер нь та бүхний зохион байгуулж байгаа эдгээр сургалт, дадлагуудыг хэр хүлээж авдаг вэ?

– Монголчуудын хувьд газар хөдлөлтийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн гэж хэлж болно. Тийм болохоор ойлголт их муу. Хүлээж авах нь ч муу байдаг. Ийм сургалт, дадлагууд хийгээд явахаар муу ёрлолоо ч гэх нь бий. Үндсэндээ онцгой байдлын байгууллага л энэ ажлыг хийж, бидний амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэтэл олон улсад  тохиолдож  байсан гамшгийн  сургамжаас харахад  газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход мэргэжлийн байгууллагууд иргэдийнхээ гуравхан хувьд нь хүрч ажилласан, үлдсэн 97 хувьд нь  иргэд  өөрөө өөртөө  болон хамт байгаа хүмүүс нь  тусламж үзүүлсэн байдаг.

Тиймээс иргэд маань аль нэг байгууллагад найдах биш, өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагын явуулж буй сургалт дадлагуудад идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай.

Судалгаанаас үзэхэд 2000 онд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэлт  200 гаруй удаа тохиолдож байсан бол 2016 оны тоон дүнгээр 1800 болж ес дахин өссөн байгаа юм. Энэ нь газар хөдлөлтийн гамшиг болох магадлал ихэсч байгааг харуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл иргэдийг сургуулиалт дадлагад татан оролцуулах, зөв дадалд сургах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа ханган сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн.

Бид жилээс жилд орон нутагт явуулдаг сургалтынхаа арга барилыг өөрчилж, хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, иргэдийг зөв хэвшилтэй болгох, аливаа гамшиг ослоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө авран хамгаалах аргад суралцуулах, анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болгох практик талын сургалтыг явуулахыг зорьж ажиллаж байна.

-Тодруулбал?

-Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалаар “Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын хөтөлбөр” батлагдсан. Энэхүү хөтөлбөрөөр иргэдэд 10 цагийн агуулга бүхий гамшгаас хамгаалах хичээлийг заахаар тусгасан. Энэ хүрээнд “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагатай хамтран “Бэлэн бай” сургалтын 12 багцыг, “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний удирдамжийг тус тус боловсруулсан.

“Бэлэн бай” сургалтын багцаар онолын мэдлэг олгож, “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнээр онолоор олсон мэдлэгийг дадлага хийн бататгах байдлаар иргэд олон нийтийг гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвартай болгох зорилготой.

Иргэдийг дээрх сургалтуудад татан оролцуулахын тулд үндэсний болон орон нутгийн нийт 600 гаруй сургагч багш бэлтгээд байна. Эдгээр сургагч багш нар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд иргэд, олон нийтэд сургалт явуулах юм.

Эдгээр сургалтыг шинэ шатанд гаргахын тулд өөрийн мэргэжилтнүүдээ ч гадаад, дотоодын сургалтад хамруулж, сургаж байна. Тухайлбал, Япон улсын Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын болон Мэргэжлийн хяналт, Боловсролын байгууллагын 40 гаруй мэргэжилтнийг Япон улсад сургалтад хамруулаад байна. Ингэж суралцаад ирсэн хүмүүс маань шинэ арга барилаар сургалтаа явуулж эхэллээ. Дээр хэлсэн “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний удирдамжийг суралцсан шинэ арга барилын хүрээнд боловсруулсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас хуулиар заасны дагуу таван ангиллын сургалтыг мөн зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2018 онд Сүхбаатар, Төв, Увс аймагт иж бүрэн,  Хэнтий, Булган аймагт удирдах бүрэлдэхүүний команд штабын сургуулийг зохион байгуулна. Мөн АНУ-ын Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын дадлага, сургуулилалтыг баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулна.

-Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн их дээд, сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад Гамшгаас хамгаалах  менежментийн үндэс  хичээлийг орж байгаа. Энэ хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, сургалт, дадлагыг явуулахад танай байгууллагын зүгээс мэргэжил аргазүйн  зөвлөгөө өгч ажиллаж байгаа байх, тийм үү?

-Гамшгаас хамгаалах менежментийг үндэс хичээлийг их дээд, сургуулийн оюутнуудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт орсонтой холбогдуулан өнгөрсөн оны есдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Политехник коллеж, МСҮТ-ийн биеийн тамирын багш нарыг сургагч багшаар бэлтгэсэн.  Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлийг бүх их дээд, сургуулийн оюутнуудад 24 цагаар, Политехник коллеж, Мэргэжил сургалт аргазүйн төвд 54, 36 цагийн агуулгаар заавал судалж байгаа. Онцгой байдлын байгууллагаас энэ чиглэлээр ажиллаж байгаа багш нартай уулзалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Дэлхийн улс орнуудын жишгийг харж байхад гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэгийг бүр бага наснаас нь суулгаж өгдөг юм билээ?

-Хүүхдийг багаас нь  зөв дадалтай  иргэн болгож төлөвшүүлэх нь мэдээж чухал. Ер нь аливаа дадлага сургуулийг зохион байгуулахад хамгийн идэвхтэй оролцогчид хүүхдүүд байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн багачууд чин сэтгэлээсээ, итгэл үнэмшилтэйгээр дадлага, сургуулилалт хийж гүйцэтгэдэг. Энэ л наснаас бид насан туршийн дадлыг эзэмшүүлэх ёстой.  Онцгой байдлын байгууллага “Жайка” Японы хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд БСШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжлийн институттай хамтран сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын төслийг боловсруулж дуусгаад байна.  Үүнтэй холбогдуулан багш нарын гарын авлага боловсруулж, багш нарыг бэлтгэх ажлыг энэ ондоо багтаан зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Үүнээс гадна Онцгой байдлын байгууллагаас Монголд анх удаа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ төв маань үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тасралтгүй хүүхэд багачууд, ард иргэдэд зориулсан сургалтыг тасралтгүй явуулж байна. Өдөрт 300 хүнд үйлчилж, гамшгийн бүх төрлөөр мэдлэг олгох сургалтыг явуулдаг юм. Үүнд иргэд маань үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Тус сургалтын төв нээгдснээс хойш төрийн 166 байгууллагын 7358 албан хаагчид, 73 аж ахуй нэгж байгууллагын 4927 ажилтан, 3 олон улсын байгууллагын 135 ажилтан, 19 их дээд сургуулийн 693 оюутан, нийслэлийн 57 сургуулийн 15718 сурагч, 518 багш, 791 иргэнд гамшгаас хамгаалах дадлага олгох сургалтыг зохион байгуулсан байна.

Энэ мэтчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг шат дараалалтайгаар зохион байгуулж байна. Үүнд иргэдийн оролцоо, санаачлага их чухал. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аливаа гамшиг ослоос сэргийлэх арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулж, аврагчид маань өөрсдийн биеэр явж  иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажилладаг. Энэ шаардлагыг хүлээж аваад ажил хэрэг болгодог нэгэн байхад бас үл ошоодог нэгэн ч байдаг. Гэхдээ энэ бүгд иргэдийн төлөө, өөрийнх нь төлөө гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Тийм болохоор иргэн бүр үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, өгсөн анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөж байхыг л хүсэх байна.

-Ингэхэд Онцгой байдлын байгууллага ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн. Энэ хурал Монгол Улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийг хамгаалахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байж ирсэний хувьд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Ази, Номхон далайн бүс нутагт 1970-2016 онд гамшгийн улмаас 1.3 их наяд ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байна. 2017 онд 200 гаруй томоохон хэмжээний гамшигт 66.7 сая хүн өртсөнөөс 6,543 нь амь насаа алджээ. Ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилтын улмаас бүс нутгийг хамарсан гамшгийн эрсдэл нэмэгдэж, энэ нь ган гачиг, үер, хар салхи, газар хөдлөлт, дулааны агаарын урсгал зэрэг байгалийн гамшгийн бүх хүрээг хамарч байна.

Тиймээс “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох энэхүү Азийн сайд нарын бага хурлаар төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэнэ.

Мөн 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргахаараа онцлог юм.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

2018.04.06

scroll to top