Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Төв аймгийн нутгаар бага зэргийн хур тунадас, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, тал хээрийн нутгаар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 11-нд ихэнх нутгаар дулаан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Модтын өргөн шанааны-Их” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан байж болзошгүй тухай мэдээллийг 04.07-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч орон нутгийн 36 иргэн, 2 автомашинтай ажиллаж 04.08-ны өдрийн 12:50 цагт цурманд оруулсан, 2 га талбай шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 04.09-ний өдрийн байдлаар цурам доторх гал түймрийг бүрэн унтраах ажиллагаа явагдаж байна.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Данзангийн цагаан буйр”  гэдэг газар /аймгийн төвөөс  баруун зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ тус сумын харъяат малчин Ц-гийн хүү Б /4 настай эрэгтэй/ 04.09-ний өдрийн 18:00 цагт гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.10-ны 04:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 27 хүн, 3 автомашинтай 04:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд дулааны шугам дотор цогцос байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 11:18 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км замыг туулан 11:44 цагт очиж, нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг 03:06 цаг ажиллан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Эрхэл” нуур гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т, Мөрөн сумаас баруун хойд зүгт 35 км-т/ Мөрөн сумын харъяат малчин С-ийн 20 адуу “Эрхэл” нуурын шаварт шигдсэн тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх, аврах салбарын 10 алба хаагч, 1 автомашинтай 04.10-ны өдрийн 00:32  цагт очиж,  17 адуу шаварт шигдсэн байсныг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top