Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн нутагт цас орсон, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар шороон шуурга, зүүн аймгуудын ихэнхи нутгаар цасан шуурга шуурч байна.

Өнөөдөр:  Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, бусад хугацаанд бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө    20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд хашаа, саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16.5 км замыг туулан 11:21 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:01 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн “Таван хонхор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус суман дахь Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 14:23 цагт очиж, 24 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 14:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 14:44 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/ баруун хөл түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НТТТөвийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Дээд-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтайгаар 25 км зам туулан 15:18 цагт очиж, 59 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 17:20 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг, аймгийн төвөөс урд зүгт 1 км-т “Хэрлэн” голын усанд цогцос байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 07:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай ажиллаж, тус сумын 6 дугаар багийн иргэн У /41 настай, эмэгтэй/-ийн цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн  хойд зүгт 34 км-т/ иргэн Д-гийн эзэмшлийн “Ренжер” загварын 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “124-ийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 36 км-т/ олон тооны тээврийн хэрэгсэл даваа давж чадалгүй гулгаж, автозамын зорчих хэсэг хаасан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 13 алба хаагч, 1 автомашин, 1 трактортай ажиллаж автозамын зорчих хэсэг хааж зогссон ачааны 1 автомашин, цасанд саатсан 21 суудлын автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top