Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалаар “Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын хөтөлбөр” батлагдсан. Энэхүү хөтөлбөрөөр иргэдэд 10 цагийн агуулга бүхий гамшгаас хамгаалах хичээлийг заахаар тусгасан. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Бэлэн бай” сургалтын 12 багцыг боловсруулсан юм.
Эдгээр багцыг өнөөдөр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. “Бэлэн бай” сургалтын багцыг гамшгийн төрөл бүрээр танилцуулга, видео хичээл, гарын авлага материал, сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн хийх үлгэрчилсэн заавартай, сургагч багшийн гарын авлагын хамт цогц байдлаар боловсруулсан юм.
Түүнчлэн сургагч багш нар сургалтаа иргэдийн оролцоонд тулгуурлан, сургалтын хэрэглэгдэхүүнийг түлхүү ашиглан явуулахаар бодож бэлтгэснээрээ онцлогтой.
Тиймээс “Бэлэн бай” сургалтын багцыг хүлээн авах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Та бүхний хийж бүтээсэн бүтээл үр өгөөжтэй бүтээлч болсонд талархаж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд “Энэхүү сургагч багшийн гарын авлага нь цаашид улс даяар гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт өгөх сургалт явуулж байгаа бүх байгууллага, багш нарт сургалтын модуль болох ёстой. Их, дээд сургууль, иргэд олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт өгөх сургалтыг явуулахдаа зөвхөн энэ багшийн гарын авлагын дагуу явуулдаг болох нь чухал юм” гэж онцлон тэмдэглэлээ.
ОБЕГ, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Бэлэн бай” сургалтын багцыг боловсруулахын зэрэгцээ үүнийг ашиглан иргэдэд хичээл заах сургагч багш нарыг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд бэлтгэсэн юм.
Мөн сонирхсон хүн болгон ontsgoisur.gov.mn сайтаас энэхүү сургалтын багцыг татан авч ашиглаж болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.