Орон зайн мэдээллийн хэрэглээг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн ашиглаж байгаа мэдээллийн баазыг хэрхэн ашиглах боломж нөхцлийн талаар харилцан туршлага солилцох зорилгоор ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, “Дижитал Глоб” ХХК, “Мон Мэп” ХХК хамтран “Өөрчлөгдөж буй дэлхийг сайхан ирээдүйн төлөө зураглах нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа.
Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар болон бусад яам агентлаг, хувийн байгууллагаас нийт 30 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Энэ үеэр Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаач, хошууч Д.Содномрагчаа “Онцгой байдлын байгууллагын орон зайн мэдээллийн систем түүний хэрэглээ”, “Дижитал глоб” байгууллагын төлөөлөгч Андрью Стийл “Дижитал глоб” хиймэл дагуулын мэдээг ашиглан хот, суурин газарт барилга, зам, ус зэрэг төрөл бүрийн давхаргын ангилал, мөн үерийн аюул, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг илрүүлсэн үр дүн, түүнийг ашиглах боломжийн талаар, ЗХЖШ-ын мэргэжилтэн А.Гансүх “Өндөр нарийвчлал бүхий хиймэл дагуулын мэдээ ашиглан байрзүйн зураг зохиож ашиглах боломж” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.
Мөн Гамшиг судлалын хүрээлэн, “Мон Мэп” ХХК “Онцгой байдлын байгууллагын орон зайн мэдээллийн систм түүний хэрэглээг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, гамшгийн атлас зохиох, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн сургалтыг зохион байгуулах” чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож гэрээ байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.