Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Баянхонгор, Дундговь, Увс, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим газраар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүнээс, баруун аймгуудын нутгаар баруунаас 6-11 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 25-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 10:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 10:10 цагт очиж, 14 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 18:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 15:18 цагт очиж, гражийн дээврийн хэсэг, хураалттай барааны хамт шатаж байсныг 02 цаг ажиллаж, унтраасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргиин Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01 цаг 20 минут ажилласан.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:57 цагт очиж, иргэн Д-гийн 3х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 00:01 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 00:06 цагт очиж, тус байрны иргэн Э-гийн байрны тагт, эд хогшлын хамт, иргэн Оюунбилэгийн тагт, эд хогшлын хамт, иргэн Б-гийн тагт, эд хогшлын хамт, эзэнгүй айлын тагт, эд хогшлын хамт тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт тус байрны оршин суугч иргэн Э /27 настай, эмэгтэй/ өртөж, нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхэд, нийт 88 иргэнийг гаргасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, нийт 32 алба хаагч, 8 автомашинтай 01 цаг 40 минут ажилласан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.20-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн, 14 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж, 04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар  ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Зуунмод суманд нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б /55 настай эрэгтэй/ 04.21-ний өдөр “Богд хаан” ууланд “Манзушир” хийдийн амнаас “Цэцээ-Гүн” оргил руу алхалт хийж яваад төөрсөн тухай дуудлагыг 11:20 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 11:50 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:54 цагт “Манзушир” хийдээс зүүн урд зүгт 3 км-т “Гурван сэрвүү”-ний зүүн талаас эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг”  гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ тус сумын харъяат иргэн Ц /40 настай, эмэгтэй/, иргэн П-гийн хүү болох Т /3 настай, эрэгтэй/ нар 04.21-ний өдрийн 19:00 цагт  “Жирээ’’ голоос ус авах гэж яваад осолдсон. Иргэн Ц-гийн цогцос голын эрэг дээр хөвж гарч ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 00:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:40 цагт ангийн байрлалаас хөдлөж, 06:30 цагт тус суманд хүрэлцэн очиж, газарчингийн хамтаар ослын газар руу явсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top