“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” эхэллээ

DSC2049-2.jpg

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцож, үг хэлсэн юм. Энэ үеэр  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторигийн мэндчилгээг оролцогчдод танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, энэхүү хуралдаан нь ирэх 7 дугаар сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурлын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаагаараа онцлог гэдгийг дурдаад, 2017 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн 7 зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах,тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын бага хурлаар бид дараагийн 2 жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлахын тулд уг төлөвлөгөөг 2017-2018 онд хэрэгжүүлэх явцад улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлохыг зорилго болгон ажиллах нь нэн чухал” гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн хуралдаан Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа улс орнууд тайлагнах юм.

Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Түүнчлэн  ирэх 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top