Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.
Энэ сарын 26-27-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдах гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий тус ажлын хэсгийнхэн өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулсан.
Энэхүү сургалтын “Бэлэн бай” багцийг гамшгийн төрөл бүрээр танилцуулга, видео хичээл, гарын авлага материал, сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн хийх үлгэрчилсэн заавартай, сургагч багшийн авлагын хамт цогц байдлаар боловсруулсан юм.
Тус сургалт нь энэхүү шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр явагдсанаараа онцлог байлаа.
Сургалтад Хэнтий аймгийн төвийн Ерөнхий боловсролын дөрвөн сургууль болон МСҮТ-ийн 400 орчим оюутан, сурагч хамрагдлаа.
Түүнчлэн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнд “Ослын үеийн удирдлагын систем”-ийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулж, орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, жагсаалын жигдрэлтийг шалгаж, заавар зөвлөмж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.