С.УЯНГА
Монгол Улс олон улсын өмнө нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээгээд байгаа нь ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох Азийн сайд нарын II бага хурал юм. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь уриан дор зохион байгуулагдах Азийн сайд нарын бага хуралд урьдчилсан прогнозоор Ази номхон далайн 3000 гаруй төлөөлөгч хүрэлцэх ирэх тов гарчээ.
Энэ үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн бодлого, бүс нутгийн хэмжээний ажлуудыг хэлэлцэж, төлөвлөгөөг шинэчлэн “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлан гаргах юм. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү томоохон арга хэмжээний бэлтгэл ажил болгож өчигдөр Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” эхэлсэн юм.
МОНГОЛ ГУРВАН ХОТ 19 АЙМГИЙГ НЭГТГЭЖ ЧАДСАН АНХНЫ УЛС
Азийн түншлэлийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын байгууллага, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг 20 гаруй олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж бүс нутагт гамшгийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар хэлэлцэж байр сууриа илэрхийллээ. Хурлыг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнгөрсөн оны хоёрдугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн долоон зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын бага хурлаар бид дараагийн хоёр жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлахын тулд уг төлөвлөгөөг 2017-2018 онд хэрэгжүүлэх явцад улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлохыг зорилго болгон ажиллах нь нэн чухал” гэдгийг онцоллоо.
Харин НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирарде “Монгол Улс хөдөө аж ахуйн орон төдийгүй малчид байгалийн хүчин зүйлтэй нүүр тулгарч байдаг учраас эрсдэл өндөртэй оронд тооцогдоно. Зуд удаан хугацаанд үргэлжилж олон тооны мал өртдөг. Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас аюулгүй гамшигт тэсвэртэй хот компанит ажилд улсынхаа гурван хот 19 аймгийг нэгтгэж чадсан анхны улс болсон. Дэлхий нийт Ази номхон далайн бүс нутгийн олон нийтийн өмнө амласан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааныхаа талаарх манлайллыг бусад улс орны өмнө харуулах гэж байна. Эрсдэлийг бууруулахад олон ажил хийж байгаа учраас үр дүнд хүрч байгаа зүйлс олон бий. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх чиглэлийн улс орон юм” гэлээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “1994 онд Японд болсон газар хөдлөлтийн дараа дэлхийн улс орнууд гамшигтай тэмцэх нэгдсэн бодлоготой болохоор болсон. Ирэх долдугаар сард болох Азийн сайд нарын хурлын үеэр Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулахад дэлхий нийт, бүс нутагт ямар хэмжээнд байгаа болон хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнана. Хурлын дараа эрхзүйн акт төлөвлөлтөд шинэчлэл хийнэ. Бусад улс оронтой харьцуулахад манай улсад хоцрогдож байгаа зүйлс бий. Хятад улс гэхэд онцгой байдлын яам байгуулж, тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Тиймээс хоёр хөршийн хөгжлийг дагаж хөгжих боломж бидэнд нээлттэй. Техник технологийн хувьд хоцрогдож байгаа ч бичиг баримт хууль эрхзүйн хувьд бүс нутгийн хэмжээнд харьцангуй боломжийн” гэлээ.
ЯПОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИХ ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛДАГ
Азийн түншлэлийн хуралдаанаар Энэтхэгт зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа улс орнууд тайлагнаж, Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажлыг ярилцлаа. Энэ үеэр Энэтхэгийн төлөөлөгч “Манай улс гамшгийн эрсдэлийг бууруулах баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж байна. Өөрсдийн орон нутаг болон Азийн бүсийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргахыг чармайж байна. Тухайлбал, бидэнд хамгийн их тулгамддаг хэт их халалтыг бууруулахын тулд олон ажил хийж байгаа” гэсэн юм. Харин Японы Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дарга Setsuko Saya-гийн байр суурийг сонсоход “Япон улсын хувьд иргэддээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг өгөхийн тулд зөвхөн Засгийн газар бус олон нийтийн байгууллагуудын санаа бодлыг түлхүү сонсч хамтарч ажилладаг. Ялангуяа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээр дамжуулж иргэн, хувь хүний оролцоог нэмэгдүүлэхийг зорьдог. Бодлогын хэмжээний баримт бичиг маш олон. Манай улсад 30 метрийн өндөртэй цунами давалгаа ирэх магадлал өндөр учраас техникийн шинэчлэл хийж, урьдчилан сэргийлэх мэдээллээр иргэдийг хангахын тулд олон талын судалгаа хийж төлөвлөж байдаг. Азийн сайд нарын бага хурал Монголд болох гэж байгааг олзуурхаж байна. Хурлын үеэр гадны улс орнуудаас илүүтэй монголчуудын шат шатны шийдвэр гаргагч, манлайлагчид оролцож идэвхтэй ажиллаасай гэж хүсч байна. Японы Засгийн газар гамшгийн эрсдлийг бууруулахад маш их хөрөнгө зарцуулдаг. Тэр дундаа орон нутгийн дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч байна” гэсэн юм.
Азийн сайд нарын хурлаас батлагдан гарах Улаанбаатар тунхаг баримт бичгийн талаар ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Азийн сайд нарын бага хурлаас гарах үндсэн баримт бичиг буюу Монголын нийтлэг сонирхлыг илэрхийлсэн Улаанбаатарын тунхаглалыг долдугаар сард батлан гаргана. Бодлогын түвшний байгууллагууд хамтран ажиллаж байна. Эхний төслийг өнөөдөр хэлэлцүүлж байна. Манай улс уур амьсгал, цаг агаарын онцлогоос хамаарч бусад улс оронд болдог гамшгаас өөр. Ган, зудын аюул нийтлэг тохиолддог. Мөн хот суурин газрын аюулгүй байдал болзошгүй газар хөдлөлтийн эрсдэлд анхаарал хандуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ. Өөрөөр хэлбэл, гамшгаас сэргийлэхэд ганц төр биш хувийн хэвшил, иргэдийн үүрэг оролцоог тодорхой болгох асуудлыг хөндөж бодлогын баримт бичигт оруулна. Олон улсаас гадна яам агентлаг, иргэдээс санал авч бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг бэхжүүлсэн баримт бичиг болно.” гэлээ. Азийн түншлэлийн хурал өнөөдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин