Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болж, тусгай чиг үүрэгтэй байгууллагуудаас төрсөн генералууд оролцсон юм.
Генералууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Үүний дараагаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын алба хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл юм“ хэмээн онцолсон юм.
Монгол улсын хэмжээнд 170 гаруй генерал цолтон байдаг бөгөөд өдгөө алтан мөрдөстнүүдийн 90 гаруй нь ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж байна.
Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан юм.
Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Энэ өдрийг Зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн ёслолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.