Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, Монгол Алтайн нуруу, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-4-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 3, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 10:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 10:36 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 13:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 13:32 цагт очиход, Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 2 алба хаагч галыг унтраасан байлаа.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 15:10 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан овоо багийн ‘’Зүүн суу’’ гэдэг газар мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:54 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 44 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 500 метр зам туулан 15:57 цагт очиж, 04 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн “Их-Ам”-ын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 18:50 цагт очиж, 25 минут  ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамжинд иргэн Б-гийн эзэмшлийн “Тоёото” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 19:14 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 19:22 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б-гийн 2 гар,нүүрний хэсэг түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 19:47 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 23:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 23:52 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22:00 цагийн орчим /согтуу/ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон бөгөөд дахин эрэн хайх хүсэлтийг 04.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 5 алба хаагч, тус аймаг дахь Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 7 хүн явганаар, орон нутгийн 7 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр Сэлэнгэ сумын гүүрнээс “Шаврын-Адаг” гэдэг газар хүртэл 12 км-т усаар, Тарималаас Зурхайт гэдэг газар  хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж” голын төв гарманд иргэн Д-гийн эзэмшлийн “Ланд крузер-80” загварын автомашин суусан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 06:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 40 км замыг туулан 07:27 цагт очиж, 15 минут ажиллаж татан гаргасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд нийтийн байрны жорлонд хүүхдийн ураг байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 09:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 12,5 км зам туулан 09:23 цагт очиж, 10 минут ажиллаж, иргэн А /26 настай, эмэгтэй/ 3 метрийн гүн модон жорлонд 6 сартай урагаа унагасан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top