Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл аймгйн нутгаар хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дарьгангийн тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 29, 30-нд говь талын нутгаар, 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 13:11 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 400 ширхэг боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 21:06 цагт очиж,  03 цаг 15 минут ажиллаж, унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 17:23 цагт очиж, 12 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Хоёр-Эхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 14 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, Булган аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04:25-ны өдрийн 15:55 цагт цурманд оруулж, 04.27-ны өдрийн 15:46 цагт бүрэн унтрааж, тус сумын 2 дугаар багийн Засаг дарга Б.Эрдэнэбат, Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Ганчулуун нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт 400 га талбай өртсөн.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Асганы хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 110 иргэн, 4 автомашин, 24 мотоциклтой ажиллаж 04:27-ны өдрийн 22:03 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 04.27-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27, 69 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай нэмэлтээр очсон. Түймрийн голомтод нийт 128 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймэрт 1400 га талбай өртсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын автобусны 2 дугаар буудлын замын зорчих хэсэгт зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18.5 км замыг туулан 15:36 цагт очиход иргэн С /54 настай, эрэгтэй/ “Портер” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсаныг иргэд өөрсдөө гаргасан байсан. Тухайн иргэний биеийн байдалд үзлэг хийж, эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Баруун сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т/ тус сумын харъяат малчин А /42 настай, эрэгтэй/, малчин Ү /32 настай, эрэгтэй/ нар 04.27-ны өдрийн 11:00 цагийн орчим 2 жил ашиглагдаагүй гар худгийг сэргээн засварлахаар ажиллаж байгаад осолдсон тухай дуудлагыг  04.27-ны өдрийн 11:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 45 км замыг туулан 12:20 цагт очиж, 20 минут ажиллаж, 2 цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Уг  гар худаг нь  6.5 метрийн гүнтэй, 1.2 метр диаметртэй бетонон цагирагаар доторлосон, сүүлийн 2 жилийн хугацаанд огт ашиглагдаагүй бөгөөд хүхрийн хий хуримтлагдсан байсан байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд гэрийн хаалга нь цоожлогдож, дотор нь бага насны хүүхэд ганцаараа байгаа гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 19:59 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 20:24 цагт очиж, дээд давхрын айлаас аврах олс ашиглан бууж, цонхоор нь орж, хаалгыг нээн М /2 настай, эмэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг эмээ О-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top