1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас орсон. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар Шороон шуурга шуурсан. Бусад цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 7-12 м/с, 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд нутгийн төв хэсгээр, 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 30-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт Хархорин худалдааны захын хашаанд цайны газар, хүнсний барааны 1, 2, 3, 4, 5 дугаар чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 04:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 14 алба хаагч, 2 автомашинтай 300 метр зам туулан 04:51 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 15:22 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 00:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:38 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлх зуслангийн “Задгай”-д 10х10 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 02:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 14 км зам туулан 02:51 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 03:49 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Асганы хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 110 иргэн, 4 автомашин, 24 мотоциклтой нийт 128 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.28-ны өдрийн 16:10 цагт унтраасан. Түймэрт 1400 га талбай өртсөн.
4.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Хамрын хийд гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км/ Улаанбаатар хотоос тус сумын Хамрын хийд рүү зорчиж явсан “Старекс” загварын 9 зорчигчтой автомашин онхолдож автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 05:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ю /58 настай, эмэгтэй/, Б /64 настай, эрэгтэй/, Т /68 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22:00 цагийн орчим /согтуу/ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон бөгөөд дахин эрэн хайх хүсэлтийг 04.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын 5 алба хаагч, 1 автомашинтай, тус аймаг дах Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 7 хүн явганаар, орон нутгийн 7 хүн явганаар Сэлэнгэ голын дагуу “Моностой-Уул” гэдэг газраас “Шанш толгой” гэдэг газар хүртэл 17 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Шаргын-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 130 км-т/ иргэн Э /37 настай, эмэгтэй/ өөрийн хүү Б-гийн /4 настай, эрэгтэй/ хамт 04.28-ны өдрийн 16:00 цагт мотоцикльтой малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 00:27 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга Э-гээр ахлуулсан 5 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.29-ний өдрийн 06:45 цагт гэрээс нь хойд зүгт 30 км-т тус багийн “Уул хадаргант” гэдэг газар иргэн Б-гийн гэрээс эсэн мэнд олсон.
Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд “Тэрэлж” голын усанд Тэрэлжээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд крузер-77” загварын суудлын автомашин суусан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж усанд суусан автомашиныг татан гаргасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд айлд бага насны хүүхэд гэртээ цоожтой 2 цаг гаруй уйлаад байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 01:16 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж /2 настай, эрэгтэй/ хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР